Манчестер Юнайтед болон Португалын шигшээ багийн од Кристиано Роналдог зодог тайлах хэрэгтэй гэж Италийн алдарт хөлбөмбөгчин ярьжээ. Өдгөө 37 настай Роналдо өнгөрсөн улирал лигтээ 18 гоол оруулж, муугүй амжилт үзүүлсэн ч улирлын өмнө багтаа эргэлзэж, буурь сэлгэнэ гэх яриа гарсан. Эцэст нь тэрбээр хайртай багтаа үлдсэн ч шинэ дасгалжуулагчийн удирдлага дор төдийлөн олон минутыг талбай дээр өнгөрүүлэхгүй байна. Чухал тоглолтууд дээр ч сэлгээний сандалд үзэгдэх болов.

Тэгвэл үүнийг нь анзаарсан Антонио Кассано түүнийг зодог тайлах хэрэгтэй гэв. “Реал Мадрид”, “АС Милан”, “Интер Милан” зэрэг багуудад хүчин зүтгэж явсан тэрбээр ярихдаа “Яг одоогийн байдлыг харвал, Роналдо өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Хэрэв хийж байгаа зүйл нь тодорхой ахицгүй бол дэлгүүрээ хаах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр бүх цомд түрүүлсэн. Тэр бол ер бусын үзэгдэл” гэжээ.

Английн Премьер лигийн хүрээнд өчигдөр “Манчестер Сити” болон “Манчестер Юнайтед” багууд учраа тааран тоглоход цэнхэр баг нь 6-3 гэсэн харьцаатай хожсон. Энэ тоглолтод Роналдо талбайд гаралгүй, талбайн хажуунаас багаа хүндхэн ялагдал хүлээхийг харан суув. Юнайтедын дасгалжуулагч Эрик тен Хаг ч Роналдог хүндэлсэндээ талбайд гаргаагүй гэдгийг хэлсэн юм.