Хүнсний ногооны импортын татварыг нэмж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн үзэл баримтлалд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төмс, байцаа, манжин, лууван, сонгины импортын хүнсний ногооны татварын хувь хэмжээг жил бүр нэмнэ хэмээн дурджээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасангаас хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураав.

Импортоор оруулж байгаа саримс, улаан лооль, өргөст хэмх нэр төрөл бүхий бараанд 30 хүртэлх хувиар гаалийн албан татвар тогтоохоор төсөлд тусгагдсан. Гэвч дээрх барааны нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолын хавсралтад тусгагдаагүй байгаа аж. Иймд төсөлд / Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай / тогтоолын хавсралтад саримс, өргөст хэмх, улаан лооль, тарвас зэрэгт барааны төрөлд тус бүр 30 хүртэл хувиар гэсэн заалт нэмэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн