Итгэлийн зээл олгох хуулийн төсөл өргөн барилаа

Итгэлийн буюу барьцаагүй бага хүүтэй зээл олгох хуулийн төслийг энэ сарын эхэнд нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн бариад байгаа юм.

“Монголчуудын оюуны чадамж, хөдөлмөр эрхлэх, амьдрах чадвар асар өндөр. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг амьжиргаагаа аваад явахад урам өгөх итгэлийн зээл олдохгүй байгаа” тул иргэдэд амьжиргаагаа дээшлүүлэхэд нь төр тусалж, итгэл хүлээлгэхээр энэхүү хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарын санаачлан боловсруулсан “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг хэн авч болох, иргэдэд ямар боломжийг олгох талаар танилцуулъя.

ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээл өгөх, нийгмийн итгэлцлийг бий болгох.

Төслийг өргөн барих эхлэл нь өнгөрсөн хавраас бус бүр эртнээс эхтэй. Үүнийг нотлон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт, МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт ч барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл олгох асуудал байсан. Энэ асуудлыг хуульчлах ёстой гэж хуулийн төслийг оруулж байна. Дэлхийн банктай хамтарсан 2018 оны судалгаагаар ядуурлын төвшин 2016 онд 29.6,2018 28.4 хувь байна. Сүүлийн хорь гаруй жилд яагаад ядуурлын төвшин буурахгүй, дөрвөн хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн асуултад бид, улс төрчид хариулах цаг болсон. Ард нийтээр үүнийг л хүсэмжилж байна.

2017 оны байдлаар эдийн засгийн дундаж өсөлтийг 5.1 хувь гэж үзсэн. 2018 онд энэ үзүүлэлт 6.7 хувьтай гарсныг зарласан. Өсөлт сайжирч байгаа юм бол иргэдэд хүрэх эдийн засгийн өсөлт яаж туссаныг харахаар тийм сайн биш байна. Иргэд худалдан авах чадвар муудаж байна. Мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, эдийн засаг өссөн нь амьдралд яаж наалдав гэж асуудаг учраас бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг иргэд шаардаж байна” хэмээн тайлбарласан.

Хуулийн төслийг иргэдэд хоёр удаа (600 гаруй хүнд) танилцуулж дэмжлэг авсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хийхэд гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Учир нь барьцаа хөрөнгө шаардахгүй, жилийн гурван хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, төрөөс иргэдэд хүлээлгэж буй “итгэл”-ийн хэмжүүрийн дээд хэмжээ 20 сая төгрөг.

“Урт хугацаатай, хүү бага зээл иргэдэд олдохгүй байгаа учраас ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Үе дамжсан ядуу, хэн нэгнээс хараат, гуйлга гуйж, халамж шүтсэн иргэдийг бий болгож байна. Манай банк санхүүгийн байгууллагын хамгийн бага жилийн хүү 15-18 хувь. Дээд тал нь 24 хувийн хүүтэй зээл олгож байгаа учраас иргэд зээл авч, амьжиргаагаа өөрчилж чадахгүй байна. Бизнес хийхэд хамгийн сайндаа 20-30 хувийн ашиг гарвал их юм. Энэ муу ард түмэн чинь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Бид судалгаа авч үзсэн. Банкнаас зээл авсан, авах хүсэлтэй иргэдийн дийлэнх нь жижиг зээл хүсэгчид. Эдгээрийн 90 хувь нь 20 орчим сая хүртэлх зээл хүсдэг юм байна. Зуу зуун сая, тэрбум тэрбум төгрөгийн зээлийг ядарсан ард түмэн хүсэхгүй байгаа юм” хэмээн хуулийн төслийг санаачлахдаа хийсэн тоо судалгааг тэрбээр тайлбарлаж байна.

Итгэлийн зээлийг эхний ээлжинд 200-300 тэрбум төгрөгийн нийт санхүүжилттэй байхаар төсөлд тусгасан. Дээд хэмжээгээр нь (20 сая төгрөг) зээл авлаа гэхэд 10 мянга гаруй хүн зээл авч, амьжиргаагаа дээшлүүлэх юм байна.

Зээлийг хэн авч болох вэ?

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй,
  • Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй байх
  • Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даалт гаргасан байх
  • Зээлдэгч өөрөө хүсвэл барьцаа хөрөнгө тавих,
  • Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх.

Санхүүгийн суурь мэдлэгийг яагаад зээлийн шалгуурт тавьсан талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Зээл авах гэж буй иргэдийн санхүүгийн мэдлэг сул байна. Дандаа өөрт байхгүй зүйлийг зээл авч амьдрах гэж, бусдыг дуурайх гэж, хэрэггүй, өөртөө лай удсан зээлүүдийг маш их авч байна. Санхүүгийн суурь мэдлэг олох сургалтад хамруулснаар гарааны бизнес эрхлэх боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлав.

Мөн тэрбээр төр иргэдэд амьдрах итгэл өгөхийн тулд барьцаа хөрөнгийг нь даана гэсэн юм.

Шалгуур болон эрх зүйн орчинг хуульчилчихвал иргэд хариуцлагатай зээл авна, төр ч ар өврийн хаалгагүйгээр зорилтот бүлэгт олгож, олон хүн хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байсан юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн