Дэлхийд жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг.
Манай улс 2017 оноос хойш тус өдрийг тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө–Алхангаа ярилцъя” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчилан зохион байгуулж байна.
Өдөрлөгт МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон төрийн, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, 400 гаруй иргэд оролцов.
Өдөрлөгийн нээлт дээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн элч, МУ-ын спортын мастер В.Дамдинсүрэнд НЭМҮТ-ийн хүндэт тэмдэгийг гардуулсан юм. В.Дамдинсүрэн гуай бол эх орныхоо хилийг явган тойрч 1 жил 12 хоногт 10200 км зам туулахдаа 14 аймаг, 72 сумын 10 мянга гаруй иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилсан хүн юм.
Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.
Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд, хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна.
ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдлыг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Манай улсад хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Хүүхэд, өсвөр үеийнхний 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.
ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алх гэж зөвлөдөг.
“Алхангаа ярилцъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн алхалтын өдөр – 2019” өдөрлөгт хүрэлцэн ирсэн 400 гаруй иргэд 1.2 км зайд алхаж идэвхтэй хөдөлгөөний адал явдалт 3 өртөөгөөр аялж, спорт сонирхогч залуустай хамт хөгжөөнт дасгалын үзүүлбэрт оролцож, НЭМҮТ-ийн ажилтнуудад олон нийтэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материал түгээв.