БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч байгаа энэ үед тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хаана байгаа талаар мэдээлээгүй хэвээр байна.

Ким Жөн Ун мэс засалд орсны дараа биеийн байдал нь хүнд байна гэж CNN суваг АНУ-ын төлөөлөгчийн мэдээллийг иш татан энэ долоо хоногийн эхээр уламжилснаас хойш түүний биеийн байдлын талаарх таамаглалууд гарч эхэлсэн юм.

БНАСАУ-ын удирдагч дипломат захидал илгээж, хүндэт иргэдэд бэлэг өгсөн гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн боловч тэдгээр мэдээ нь товч юм уу гэрэл зураггүй байжээ.

Ким Жөн Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад талархлын захидал илгээсэн гэж БНАСАУ-ын хэвлэл лхагва гарагт мэдээлсэн байна.

Гэсэн хэдий ч БНАСАУ-ын удирдагчийг ямар нэгэн шалгалт хийсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хоёр долоо хоног орчмын хугацаанд мэдээлээгүй юм.  

Ким Жөн Ун энэ сарын 11-нд болсон эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурлыг даргалж байгаагаар хамгийн сүүлд хэвлэлүүдэд харагджээ.

Энэ сарын 15-нд болсон Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнээс хойш түүний биеийг муудсан гэж таамаглаж эхэлжээ. Тэрбээр 2011 оны сүүлээс төрийн эрхийг барьж эхэлснээсээ хойш энэ арга хэмжээг нэг ч удаа алгасаж байгаагүй юм.

БНСУ-ын эрх баригчид Ким Жөн Уны биеийн байдлын талаарх таамаглалыг няцааж, түүний бие өвдсөн гэх шинж тэмдэг ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна.

Хөх ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Пёньян хотоос гадна байрлаж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал хэвийн байгаа ажээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Ким Жөн Ун коронавирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс Вонсан хотод байж магадгүй ажээ.

БНСУ-д пүрэв гарагт болсон Үндэсний аюулгүй зөвлөлийн хорооны хуралдааны үеэр нэр нөлөө бүхий төлөөлөгчид БНАСАУ-д хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй гэдгийг дахин нотолжээ. 

Хоёр Солонгосын хэргийг зохицуулдаг Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдээлснээр, БНАСАУ удирдагчийнхаа талаар цуу ярианд шууд хариу барих нь ховор хэдий ч түүнийг сайн байгааг харуулсан гэрэл зургуудыг ихэвчлэн нийтэлдэг байна.