Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарлажээ.
Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ.
Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч юм. Бүх нийтийн боловсролын зорилт болох боловсролын чанарыг сайжруулахад сайн бэлтгэгдсэн багш нар нэн чухал билээ. Бүх нийтийн боловсрол, Мянганы хөгжлийн зорилт, НҮБ-ын Бичигтэн болох 10 жил болон Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил санаачилгын зорилго нь ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн болон амьдралын чанарыг сайжруулах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал, иргэдийн, ялангуяа үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалах зэрэг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд боловсрол маш чухал үүрэгтэй юм.
ЮНЕСКО 2022 оны багш нарын өдрийг “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж байна.
Багш нартаа Дэлхийн багш нарын өдрийн мэнд дэвшүүлье.
Эх сурвалж: udur.mn