Хятадын цахим худалдааны аварга Алибаба групп өөрийгөө жолооддог технологи хөгжүүлж байгаа гэдгээ албан ёсоор зарлалаа. Компанийн Хиймэл оюун ухааны хэлтсийн ахлах эрдэмтэн Ван Ган судалгааны багийг ахалж байгаа бөгөөд явц тун хурдтай байгаа гэжээ.

Компани судалгааныхаа түвшинг дөрөвдүгээр зэрэгт хүргэхээр зорьж байгаа аж. Энэ нь машин тодорхой нөхцөлд ямар ч хүний оролцоогүйгээр өөрийгөө жолооддог болно гэсэн үг юм.

Хятадын эрх баригчид дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дотоодын зам дээр хоорондоо холбогдсон ухаалаг автомашиныг турших зөвшөөрлийн талаар хэлэлцэж эхэлжээ. Алибаба компани технологийн хөгжлөө түргэсгэхийн тулд 50 мэргэжилтэн авахаар төлөвлөж байгаа юм байна.

БНХАУ-ын хувьд өнөөдөр Алибабагаас гадна Baidu, Tencent компаниуд мөн ийм технологи хөгжүүлж байгаа юм.