Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар сайжруулсан түлшний талаарх мэдээллийг сонслоо

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2019.10.30/-ийн хуралдаанаараа сайжруулсан түлшний талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга А.Сүхбат даргаллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй.  

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдээлэлдээ, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар 32 арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэн, өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулах эрхзүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийгдэж байгааг тэмдэглээд Уланбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байгаа болон агаарын бохирдлын 2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196,588 айл өрхийн зуух, 2, 742 уурын зуух, 501,683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байна гэсэн тоон мэдээллүүдийг өгөв. 

Мөн, Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад PM 2.5 тоосонцор 12 мкг/м-ээр, азотын давхар исэл 5 мкг/м-ээр тус тус бага байсан бол PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх оны түвшинд байсан байна хэмээгээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. 

Дараа нь Нийслэлийн онцгой комиссын мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. 

Мэдээлэлдээ, 2019 оны аравдугаар сарын 02-29-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 298 удаагийн дуудлагаар 701 иргэнд, үүнээс 315 хүүхэд, 389 том хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, 44 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн болон 8 хүн /3 хүүхэд, 5 том хүн/ нас барсан талаар танилцууллаа. 

Мөн, сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлж, шинжилгээний хариуг болон туршилт хийж шалгасан тухай мэдээллийг аравдугаар сарын 7-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэсэн тухай, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хүртээмжийн талаар мэдээллийг өгөв. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээллийг тус газрын дарга Д.Ядамдорж танилцуулахдаа, 2019 оны аравдугаар сарын 04-29-нийг хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд угаартсан гэх 471 дуудлага бүртгэгдсэнээс 198 дуудлага нь угаарын шинжгүй, 273 дуудлага нь угаартаж хордсон шинжтэй байгаа бөгөөд нийт 703 хүн хордсоноос 8 хүн нас барсан хэмээв. 

Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, 8 хүний амь нас хохирсон дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 3 хүн нь нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, бусад хохирогчдын дүгнэлт одоогоор гараагүй байна гэлээ. 

Түүнчлэн, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тэрбээр саналаа мөн танилцуулсан юм. 

Үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлэл хийв. 

Холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Л.Болд, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авлаа.  Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг угаарын хийн хордолтоос сэргийлэх мэдрэгчээр хангах асуудал ямар шатандаа явааг тодруулахад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа, ирэх арваннэгдүгээр сар гэхэд зорилтот айл өрхийг тус мэдрэгчээр хангаж дуусахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өглөө. 

Ийнхүү сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн