Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг товчлон нийтэлж байна.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Сэтгүүлчдийнхээ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ 2014 онд УИХ-ын даргын захирамжаар баталсан УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах журмаар зөвхөн тогтсон газарт ярилцлага авч, өгч байхыг журамласан. Зориулалтын тодорхой цэг дээр ярилцлага, нээлттэй, ил тод мэдээлэл өгч байхыг УИХ-ын гишүүдэд үүрэг болгоно. Хэдүүлээ хаа хаанаа хариуцлагатай хандаж, Төрийн ордны хамгаалалтын болон холбогдох журмаа сахиж, хэвлэлийн эрх чөлөөгөө зөв эдэлж, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллийг ард нийт, олон түмэнд хүргэх зарчмаа баримталцгаая” гээд Чуулганы их танхимын үүдэн дэх зориулалтын цэгт очиж, ярилцлагаа өгсөн юм.
-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ёс зүйгүй авир гаргасан байж болзошгүй гэдэг асуудалд холбогдсон байна. Энэ асуудалд УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ? Та мэдээлэл авсан уу?
-Үндсэн хуулийн цэцийн даргын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.
Үндсэн хуулийн цэцээс бидэнд өгсөн мэдээллээр бол Үндсэн хуулийн цэцийн дарга өөрөө ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харилцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулах асуудал гарахад нь Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг өмгөөлснөөс болоод үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл тарсан гэж байна. Үүнийг нягталж, шалгасны үндсэн дээр Улсын Их Хурал холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.
-БНСУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Цэцийн дарга ийм асуудалд холбогдлоо гэж мэдээлж байна. Монгол Улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудал үүслээ. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?
-Үнэхээр хэрэг зөрчил, дутагдал гаргасан бол төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын зарчмын дагуу хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ нэг талын мэдээллээр асуудалд хандаж болохгүй. Худлаа мэдээлэл буюу “fake news”-ийн талаар дэлхий даяар ярьж, анхаарч байна. Тиймээс сайтар нягтлаад, бодит мэдээлэлд тулгуурлан шийдэх ёстой.
Бид Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад, төрийн бүх шатны алба хаагчдын түвшинд ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, ёс зүйн зарчмыг хуульчилна.
Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг байсан. Орчин үед дэлхий нийтэд, төрийн албаны чиг хандлагад ёс зүйн хэм хэмжээний шаардлага өөрчлөгдөж байна. Япон Улс Төрийн албаны ёс зүйн хуультай. Хуулийн дагуу Японы төрийн өндөр албан тушаалтнууд гаргасан үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад огцордгийг та бүхэн мэднэ.
Бид шинэ хуулиар ёс зүй, сахилга хариуцлагыг цоо шинэ шатанд гарган тавих болно.