Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна. Уг эмнэлгийг эхний ээлжинд “COVID-19” халдварын тусгаарлалтад ашиглахаар Улсын Онцгой комисс өчигдөр шийдвэрлэсэн.
Тус эмнэлгийн барилгын ажилтай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр танилцлаа. Эмнэлгийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай аж.
Уг эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Гадны улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байрлуулах, мөн тусгаарлах байрны шаардлага зэргийг харгалзан үзэж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах шийдвэрийг ийнхүү гаргажээ.
Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг нийт 20 гаруй газар иргэдийг тусгаарлаад байгаа юм.
Удахгүй ашиглалтад оруулах тус эмнэлэг 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээг үзүүлэх юм
Гурван блок бүхий 9 давхар тус эмнэлгийн нэг блокыг энэ сард багтаан ашиглалтад өгөх үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК-д өглөө.
Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул үлдсэн хэсгийг хугацаа ёсоор 6 дугаар сард хүлээлгэн өгөхөд бүх хүчээ дайчлан ажиллахыг гүйцэтгэгч компанийнханд хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.