Дэлхийн номын өдрийг энэ сарын 20-25-нд орон даяар ном, хэвлэл, хэвлэн нийтлэгчид, уншигчидтай холбоотой олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэх шийдвэрийг БСШУС-ын сайд гаргажээ. НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага UNESCO 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг анх Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарласнаас хойш дэлхийн 100 гаруй улс энэ баярыг тэмдэглэж ирсэн байна.
Маргааш буюу 4 дүгээр сарын 20-нд хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид, номын санчид, уншигчид оролцох “Бид номонд дуртай” өдөрлөг Спортын төв ордны өмнөх талбайд болох ажээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.
Энэхүү өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.
Боловсролын бүх шатны байгууллага, шинжлэх ухааны болон нийтийн номын сангууд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргасны дагуу ажиллаж байгаа юм байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ийн Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны Орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх ажээ. Мөн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэхээр болжээ. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье”сургалт зохион байгуулж, аргазүйн зөвлөгөө өгөх юм байна.