ТКоронавирусний цар тахлын нөхцөлд Японы иргэдэд 100 мянган иений /930 ам.доллар/ тусламж олгох боломжийг судална гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Японы иргэн бүрт 100 мянган иен олгох тухай Комэйто намын даргын саналыг бид хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ оны төсөвт тодотгол хийсний дараа эдгээр арга хэмжээнд хөрөнгө хуваарилах боломжийг судална” гэж тэрбээр хэлсэн байна.
Япон энэ жил 102.66 их наяд иений /947 тэрбум ам.доллар/ хэмжээтэй төсөв баталжээ
Японы бизнес эрхлэгчид болон энгийн гэр бүлийг дэмжих зорилгоор тус улсын эрх баригчид 108 их наяд иений /1 их наяд ам.доллар/ хэмжээтэй эдийн засгийн багц тусламжийн арга хэмжээг урьд нь баталсан бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэж байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 8800 хүн коронавирусний халдвар авч, 174 хүн нас баржээ.