Дэлхийн 213 улс, бүс нутагт тархаж, 2 сая 330 шахам мянган хүн өвчлөөд байгаа шинэ коронавирусний халдварын улмаас дэлхий даяар 1,5 тэрбум сурагч хичээлдээ явахгүй байгаа талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хурлаар мэдээллээ.
Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар Дэлхийн 213 улс, бүс нутагт 2 сая 328 мянга гаруй хүн өвчилж, 596 мянган хүн эдгэрч, 160 мянга 775 хүн нас барж, 1,5 сая гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д халдварын тархалт нэлээд эрчтэй байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгчдийн тоо 36 мянга боллоо. Нас барсан 113 тохиолдол байна.
Москвад тархалт өндөр байгаа бөгөөд 24 цагт 2400 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 50 гаруй хувь нь 49 хүртэлх насны залуус байгаа учраас Москва хотын захиргаанаас хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй метронд суухгүй, авто машины зөвшөөрлийг камераар хянахаар болов. Эрхүү мужид 57, Буриадад 115 тохиолдол бүртгэгдсэн.
Эрхүүгийн эмнэлэгт 15 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас хамгийн бага нь долоон сартай хүүхэд байгаа бөгөөд бага насны хүүхэд өвдсөн дэлхийд дөрөв дэх тохиолдол аж.
Бага насны хүүхэд өвчлөөд байгааг ОХУ-ын эрдэмтэд дүгнэхдээ гадуур цаг агаар дулаарснаас эцэг эхчүүд бага насны хүүхдийг дагуулан гадуур явж, халдвар авч байна.
ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан бөгөөд Увс, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгаа. Иймд иргэд сэрэмжтэй байхыг сануулж байна. Манай улсад ажиглалтад 1227 хүн байна.
Өчигдрийн хувьд ажиглалтаас 226 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт ажиглалтын байранд дөрвөн их эмч, 27 резидент эмч байгаа гэв.