Шинэ коронавирус БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс тархсан гэх мэдээллийг тус хүрээлэнгийн эрдэмтэн Юань Жимин няцаасан байна.
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд вирус далайн бүтээгдэхүүний захаас бус Вирус судлалын хүрээлэнгээс тархсан байж болзошгүй гэж мэдээлсэн юм. Тус лабораторид сарьсан багваахайнуудын коронавирусний судалгаа хийдэг байна.
Юань Жимин, вирус лабораториос тархах ямар ч боломж байхгүй бөгөөд бид шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажилдаа маш хатуу дүрэм журмыг дагаж мөрддөг гэж хэлсэн байна. Мөн тэрбээр манай оюутнууд, ажилтнууд, тэтгэвэрт гарсан ажилтнууд дунд халдвар авсан хүн байхгүй гэж нэмж хэлжээ.
Түүнээс Америкийн хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийн талаар лавлахад, тэдэнд ямар ч нотолгоо байхгүй, уг мэдээллийг зөвхөн таамаглалд тулгуурлан гаргасан гэж хариулсан байна.
АНУ-ын засаг захиргаа уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын Засгийн газар уг мэдээллийг няцааж, үүнд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй гэж мэргэжилтнүүдийн хэлснийг иш татан мэдэгджээ.