Netflix-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 15.8 саяд хүрчээ

Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Netflix компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо энэ оны эхний улиралд 15.8 саяар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед шинээр бүртгүүлсэн гишүүний тоо 9.6 саяд хүрч байсан аж. Энэ тухай тус компанийн мягмар гарагт танилцуулсан тайланд дурджээ.

Ийм үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн таамгаас хоёр дахин илүү байгааг компани онцолжээ. Энэ оны эхний улиралд шинэ хэрэглэгчийн тоо 7 сая орчимд хүрнэ гэж компани таамаглаж байсан аж.

Үзэлтийн тоо болон гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь түр зуурынх юм, хэмээн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, коронавирусний цар тахлын улмаас дэлхий дахинд тогтоосон хөл хорионы арга хэмжээ цуцлагдахын хэрээр үзэлт болон гишүүдийнх нь тоо буурна гэж компани таамаглаж байгаа аж.

Өнгөрсөн оны эхний улиралд 4.52 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан Netflix компани энэ оны эхний улиралд 5.77 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Энэ хугацаанд цэвэр ашиг орлого 344 сая ам.доллароос 709 сая ам.доллар болж өссөн байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн