Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 11.9%, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 17.7% тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төсвийн алдагдал 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол наймдугаар сард ийнхүү 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Зөвхөн өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийг харвал улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 41 тэрбум буюу 3% буурсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.7 (9.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Эх сурвалж: udur.mn