Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр танилцууллаа.
Тэрбээр, “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн хэмжээнд дууссан үзүүлэлттэй байна. Манай байгууллага энэ зуны хувьд 10 байршилд 200-1000 мм-ийн диаметртэй нийтдээ 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ. Есдүгээр сарын 7-14-нд дулаан хангамжид холбогдох 3800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа. Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхоны 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана” гэв.