Дэлхийн эдийн засгийн төлөв байдлаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт Засгийн газрынх нь тавьж буй зорилтоос доогуур байхаар байна.
“АХБ-наас саяхан гаргасан эдийн засгийн төлөвийн шинэчилсэн ээлжит тайланд ч БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийг өнгөрсөн 4 дүгээр сард 5 хувь гэж тооцож байсныг 3.3 хувь болгон бууруулсныг дурдсан. Ингэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй Азийн бусад орнууд БНХАУ-аас илүү хурдацтай эдийн засаг нь өсөх анхны жил болохоор байгааг мэдээлсэн. Дээрх нөхцөл байдлын дүгнэлтээс харахад БНХАУ-ын эдийн засаг дэлхийн төдийгүй, хөрш Монгол Улсны хувьд чухал индикатор үзүүлэлт байсаар байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр 2023 оны улсын төсвийн төслийг урьдчилсан байдлаар танилцуулах үеэр онцоллоо.
Тэрбээр, урд хөршийн эдийн засаг манай улсад шууд нөлөөлдөг тул тус улсын 2023 оны эдийн засгийн өсөлт бидэнд чухал. Ирэх онд манай экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унах эрсдэлтэй байна. Иймд болгоомжилсон бодлого явуулна гэв.
Төлөв байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.8 хувийн прогнозоос 2.9 хувьд буурахаар төсөөлжээ. Зэрэгцэн инфляцын түвшин өндөр байгаа ч ирэх онд дэлхийн хэмжээнд саарахаар байгаа аж. Гэхдээ өсөлт саарч байгаа ч огцом буурахыг хүлээхгүйгээр дийлэнх орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлогод шилжиж, бодлогын хүүгээ өсгөж байна. Энэ жишгээр Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөснийг дурдаад, инфляцыг онилсон Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрээс гадна валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. Тиймээс хуримтлал байхгүй болж буй өнөөгийн нөхцөлд байгаа нөөцөө зөв хуваарилах бодлогыг ирэх оны төсөвт барьж буйг дуулгалаа.