Умардын пуужингийн хариуд АНУ, БНСУ пуужин харвав

Хойд Солонгос улс өчигдөр (2022.10.04) Японы дээгүүр пуужин харвасан. Уг пуужингийн хариу арга хэмжээ болгож АНУ, Өмнөд Солонгос хоёр Япон тэнгис рүү чиглүүлэн газар-газар ангиллын дөрвөн пуужин харвасан байна. Тэдгээрийн нэг нь бүтэлгүйтсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж.

АНУ, БНСУ-ын хөөргөсөн пуужингууд 320 гаруй км нисэх чадвартай байсан. Хойд Солонгосын пуужинт заналхийллийн эсрэг тэд хоёр ч удаа хариу арга хэмжээ авчээ. Тодруулбал, БНСУ-ын “F-15K” сөнөөгч онгоц өчигдөр Солонгосын хойгийн баруун талд байрлах буудлагын талбайн виртуал бай руу агаар-газар ангиллын сумаар хоёр удаа буудсан. Харин үүнийхээ дараа дөрвөн пуужин харважээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтын эсрэг хариу арга хэмжээ өмнө нь цэргийн сургуулилалт төдийхнөөр хязгаарлагддаг байсан бол энэ удаад мэдэгдэхүйц хүчтэй арга хэмжээ авав.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби Хойд Солонгосын нөхцөл байдлын талаар “CNN” агентлагт ярилцлага өгсөн. Тэрбээр “Бид Умардын өдөөн хатгалгад хариу үйлдэл үзүүлж байгаа нь анхны тохиолдол биш юм. Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсч байна. Ким Жон Ун пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа нь Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчиж буй хэрэг юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: DAILY STAR

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн