Өдгөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д Японы Үта болон Хифүми Абэ нар алтан медаль хүртэж, олимп, дэлхийн алтан медальт ах дүүс боллоо. Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд олимпийн алтан медаль хүртсэн Үта Абэ өчигдөр/2022.10.07/ алтан медалийн төлөө Европын аварга, Их Британийн Челси Жайлесыг ялсан юм. Харин түүний ах Хифүми эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд аваргын төлөө нутаг нэгт Жоширо Марүяамаг ялжээ.
Өдгөө 22 настай Үта өнгөрсөн хавар мөрөндөө хагалгаа хийлгэж, удаан хугацаанд зовиуртай байсан гэмтлээсээ салж, Парисын олимпод аваргаа хамгаалах бэлтгэл ажлаа хангажээ. 2018, 2019 онд дараалан дэлхийд түрүүлсэн Үта өчигдөр алтан медаль хүртснийхээ дараа “Одоо л дэлхийн номер нэг гэдгээ мэдэрч, тайвширч байна. Би Парист хоёр дахь олимпдоо дараалан түрүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүсч байна. Өнөөдөр ах бид хоёр дэлхийн аварга болсон нь манай гэр бүлийн хувьд бахархам үйл явдал боллоо” гэжээ.
Тэгвэл 25 настай Хифүми нь 2017, 2018 онд дараалан түрүүлсэн ч 2019 онд Жоширо Марүяамад хагас шигшээд ялагдаж байв. Тэрбээр ярихдаа “Дүү бид хоёр олон хүнд Абэгийн ах дүүс дэлхийн шилдгүүд гэдгийг ойлгуулсан байх. Би Марүяамаг ялснаар Парисын олимпод оролцоход нэг алхам ойртлоо” гэв.