Орон нутгийн хоршоод, бичил дунд бизнесийнхэн зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчныг бүрдүүлж, ажлын тав тухтай орчин, эмх цэгцтэй байдлыг нэвтрүүлэх зорилго бүхий “Дэм” хөтөлбөрт хамрагдаж, үр дүн сайн туршлагаа саяхан хуваалцлаа.
Долоон сарын хугацаанд хэрэгжүүлсэн тус хөтөлбөрөөс ажил олгогч, ажилтан хоорондын зохистой харилцааг хэвшүүлж, хөдөлмөрийн ая тухтай орчин, эмх цэгцтэй байдал, цалин хангамжийн тодорхой байдал зэргийг хоршоод, бичил бизнесийнхэн бий болгож чаджээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Хасуд” компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэрэгслийг арьсан эдлэлээр үйлдвэрлэдэг. Тус компани ажлын байрны эмх цэгц, зохистой ажлын байрны дадлыг бий болгож чадсанаар ажилчид тогтмол суурьшилтай ажиллах, компаниараа бахархах үнэт зүйлийн эхлэлийг тавьж чадсан хэмээн захирал Б.Ганбат ярьж байв. Мөн Увс аймагт үйлдвэрлэл явуулдаг хоршоод, бичил бизнесийнхэн “Увс бизнес кластер”-т нэгдсэнээр зах зээлд худалдаа явуулах том боломжийг бий болгож чадсан байна.
Энэ тухай “Дэм” хөтөлбөрийн ахлагч О.Туяатай цөөн хором ярилцлаа.
-Төслийн талаар танилцуулахгүй юу?
-Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн маань гуравдугаар зорилтын хүрээнд ажилтан ажил олгогч хоорондын харилцааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сайн туршлагыг бүтээх зорилт байсан. Энэ зорилтыг манай экспертийн баг хоршоо, бичил, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний компаниудад хэрэгжүүлж үзлээ. Эндээс ажилтан, ажил олгогч хоёрын хамтын ажиллагааг юу сайжруулах юм бэ гэдэг ойлголт урган гарна. Хөдөлмөрлөх эрх хангагдаж байгаа эрх үүргийн харилцаанд зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчин хамгийн чухал. Энэ нь тухайн ажилтны нэр хүндийг хүндэтгэх замаар тухайн хүний амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс, ая тухтай орчинд нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хамтдаа бүтээмжийг бий болгоно гэсэн санаа байдаг.
Тэгэхээр Тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилтын гол арга хэрэгсэл нь зохистой хөдөлмөр бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Эдийн засгийн өсөлтөөр бид хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулж чадна гэсэн зорилтыг арга хэрэгслийн түвшинд буулгаснаараа давуу талтай.
-Арга хэрэгслийн түвшинд гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?
-Жишээ нь, хоршоод бол хуулийн хүрээний тодорхойлолтоор есөн гэр бүл хөрөнгөө нийлүүлж хоршиж хамтарч ажиллахыг хэлдэг. Гэтэл бодит байдал дээр хоршооны бизнес өрхийн аж ахуй дээр тогтож байгаа. Тухайн өрхийн аж ахуй эрхэлж байгаа хүн хоршооны статустай явж байгаа юм бол тэнд хэрхэн зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг мэдүүлэх юм бэ, үүнийг мэдчихсэн тохиолдолд энэ хүн эргээд яаж бүтээмжтээ өсгөж өөрсдийгөө томруулах боломжтой вэ, дараагийн ажлын байр бэлдэх талаас нь тодорхой ойлгол мэдлэгийг өгч чаддаг.
-Хоршоон дээр жишээлээд ярихад ажилтан ажил олгогчдын харилцаа, хамтын ажиллагаа ямар байх ёстой гэсэн үг вэ?
-Манай гишүүн тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Увс аймгийн хоршоо бий. Ийм хоршоод улирлын шинж чанартай ажилтан авч ажиллуулдаг. Ийм тохиолдолд хамтын ажиллагаанд ямар нэгэн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголт байхгүй. Өөр бусад мал аж ахуйн хоршоод бий. Өөрсдийнхөө хүрээнд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг. Түүнийгээ савлаж борлуулаад олон жил ийм байдалтай ажилласан хэрнээ эргээд харахаар ажлын байраа шаардлага хангах түвшинд хүргэхээ мэдэхгүй байсан бол манай төсөлд хамрагдсанаар наад зах нь би өнөөдөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд ажлын байрны эмх цэгцийг хангах ёстой юм байна, эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой юм байна гэдэг ойлголтыг авч чадсан байгаа юм.
Нөгөө талаар хоршоод өнөөдөр ажилтангүй байгаа нь ч бий. Гол тодорхойлолт бол есөн гэр бүл хоршиж ажиллуулах ёстой байдаг. Бичил бинзесийн хувьд бас өөр. Ер нь манай жижиг дунд, бичил бизнесийн загвар бас л хуулийн хүрээний тодорхойлолтоосоо бодит байдал дээр өөр юм билээ. Хэдий тийм ч тэдгээр ажил олгогчдын асуудлыг ойлгож танин мэдээд, түүнд тохирсон арга хэрэгсэл буюу зохистой ажлын байрны талаарх мэдлэгийг олгосноор илүү бүтээмжээ өсгөж, бизнес процессоо тодорхой болгож чаддагийг бид энэ хөтөлбөрөөрөө харуулж чадлаа.
-Байгшууллагын удирдлагууд энэ төслийн сургалтанд хамрагдсанаар ямар үр дүнг бий болгов?
-Жижиг хоршоо бизнес эрхлэгчид өөрсдөө гараар, хөдөлмөрөөр бүх процесст оролцоод явдаг. Маш их ачаалалтай ажилладаг. Тэгвэл нэг ажилтан аваад ажиллахад л ажил үүргээ тодорхой болгож, шилжүүлж болдог. Бүх ажилдаа оролцоод байдаг явдал өөр ажилтанд шилжихээр тухайн хүний ачаалал өөрчлөгдөж, өөрийнхөө том зорилгод илүү анхаарч, тухайн бизнес хоршооныхоо хөгжилд анхаарах боломж бий болж эхэлдэг. Нөгөө ажилтны зүгээс ч хамтын ажиллагаа сайжирч, тухайн ажилтны сурч хөгжих орчин болон бүхий л талд хөрөнгө оруулах бололцоо бүрддэгээрээ давуу талтай.
-Ер нь Тогтвортой хөгжлийн зорилтод Монголын онгцлог загвар юу байж болох вэ?
-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг манай төсөлд хамрагдсан компани, хоршоод хол юм шиг санадаг байсан. Гэтэл энэ зорилтыг хүн төрөлхтөн сав шим ертөнцийн тогтвортой байдлын төлөө буюу эх дэлхийтэй ээлтэй байхад л зориулж тавьсан. Тогтвортой хөгжлийн зорилтын гол арга хэрэгсэл нь зохистой хөдөлмөр эрхлэлтийн зорилт байдаг. Бүтээмжийг бий болгож эдийн засгийн өсөлтийг бий болгодог. Үүн дээр манайхан харилцан шүтэн барилдлагатай хамтарч ажиллаж чадах юм бол ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг хөтөлбөрийн үр дүнд харж чадсан байх аа.
Жишээ нь, тэрбум мод гээд ярья л даа. Энэ хөтөлбөрт оруулж байгаа хувь нэмэр гэвэл аливаа хоршооны ажилтан болгон нэг мод тариад эхлэхэд эх дэлхийн ус байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа хувь нэмэр гэж уялдуулж холбож хөрвүүлж ойлгоход анхаарсны үр дүнд манайхан бүгд Тогтвортой хөгжлийн 17 зрорилт бол бүгд надад хамаатай юм байна гэдгийг ухамсарласан гэсэн юм.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ: Дэм хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж, брэнд бүтээгдэхүүн болж хөгжихөд маш дэм болж ажилласанд талархаж байна
“Дэм” хөтөлбөрт орон нутгийн удирдлагын түвшинд хамтарч, тухайн нутаг орныхоо бизнес эрхлэгч, хоршоодтой баг болон ажиллаж энэ хөтөлбөрт хамрагджээ. Ингэснээр илүү өргөн хүрээтэй, тухайн аймгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг брэнд болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чадсан аймгууд ч байсан юм. Үүний нэг бол Увс аймаг.
Хөтөлбөрийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ уригдан ирсэн байв. Тэрээр энэ хөтөлбөрийн тухайд “Увс аймгийн хувьд аймгийн Засаг дарга өөрийнхөө үйл ажиллагааны хөтөлбөрт UBC брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, энэ чиглэлээр зөвлөл байгуулж ажилласан. Увсад байгаа нөөц боломж дээрээ тулгуурлаад ямар бүтээгдэхүүнийг брэнд болгох вэ гэдэг чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, түүнийг брэндийн түвшинд хүргэх тал дээр хоршоод бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ажиллалаа.
UBC бол Увс бизнес каластр гэсэн үгний товчлол. Яаж энэ брэнд бүтээгдэхүүнийн гаргаж, аймаг орон нутгийн хэрэгцээг хангахаас гадна бусад аймаг хотуудад худалдах, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байгаа. энэ хүрээнд аймгийнхаа чацаргана, давсыг брэнд болгож ажиллаж байна. Дэм хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж, тодорхой брэнд бүтээгдэхүүн болж хөгжихөд нь маш дэм болж ажилласанд нь талархаж байна” гэлээ.
Туналам брэндийн үүсгэн байгуулагч Д.Ариунзаяа: Эрх мэдлээ бусдад шилжүүлж, илүү бүтэц зохион байгуулалтад орж ажил маань хурдан шуурхай явах боломж бүрдлээ
Манайх Дорнод аймагт 2017 оноос “Тунамал” нэртэй бэкэри бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, аймгийнхээ хэрэглэгчдэд худалдаа үйлчилгээ явуулж ирсэн. “Дэм” хөтөлбөрт хамрагдахын өмнө манай компанийн хувьд бүх зүйл захирлын мэдэлд, захирал их ажилтайг, бүх л юмыг өөрөө шийддэг байсан. Харин хөтөлбөрт хамрагдсанаар эрх мэдлээ бусдад шилжүүлж, илүү бүтэц зохион байгуулалтад орж ажил маань илүү хурдан шуурхай явах боломж бүрдлээ. Мөн өмнө бид хөдөлмөрийн аюулдгүй байдал, ажлын байрны эмх цэгц соёлын талаар ямар ч мэдлэггүй байсан. Өнөөдөр бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг байгууллагадаа нутагшуулах, 5S-ыг яаж зөв зохистой байгууллагадаа оновчтой хэрэгжүүлэх вэ гэх мэт ойлголтуудыг авч хэрэгжүүлж, алхам алхам сайжирч байгааг харж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай компанийн үйл ажиллагаа сайжирч, өсөлттэй байгааг харах сайхан байна” гэсэн юм.