“Хүнс комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баттүвшинтэй ярилцлаа.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол-Хятадын экспо” энэ өдрүүдэд үргэлжилж байна. “Хүнс комплекс” ХХК энэ экспод томоохон үүрэг гүйцэтгэж оролцож байгааг дууллаа. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд олон улсын экспо гэдэг чухал арга хэмжээнүүдийн нэг. Тиймээс хоёулаа тус экспоны талаар ярилцлагаа эхэлье?
-Манай компанийн хувьд анх 2019 оноос “Монгол-Хятадын экспо”-д оролцож эхэлсэн. Онцлох мэдээлэл гэвэл “Хүнс комплекс” компани БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн албан ёсоор экспортлох эрхтэй анхны аж ахуй нэгж болсон. Энэ нь бид компанидаа төдийгүй салбартаа хөрөнгө оруулж чадсан хэрэг болов уу гэж үзэж байгаа. Учир нь манай улс өмнө нь БНХАУ–руу хиаман бүтээгдэхүүн албан ёсоор экспортонд гаргаж байгаагүй. Тиймээс бидний хувьд энэ удаагийн экспогоор дамжуулан Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүнийг албан ёсоор экспортлох үйл ажиллагаагаа Өвөрмонгол болон Хөх хотын суурьшмал бүсэд байгаа ард иргэдэд илүү таниулах зорилготой оролцож байна.
–БНХАУ-д бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болсон гэдэг сайхан мэдээ байна. Хүнсний үйлдвэр гэдэг өөрөө онцлог салбар. Бүхий л аж ахуй нэгжүүдэд тийм ч амар олдох боломж биш. Экспортын эрх авах хүртэлх шат дамжлага, хүндрэл бэрхшээл хэр байв?
-Монгол улсад мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн салбар өндөр түвшинд хөгжсөн гэж хэлэхэд хэцүү. Эхлээд Монголд малын мах эрүүл үү гэдгээ харах ёстой. Тэгсний дараа экспорт яригдана. Цаашдаа энэ салбарыг бодитойгоор хөгжүүлье гэвэл хагас эрчимжсэн аж ахуйг анхаарах ёстой. Таван хошуу малаа үржүүлэх, цаашлаад мах бэлтгэлийн зориулалтаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдана. Олон сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж чадна. Тиймээс юуны өмнө бид малын махыг эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Дараа нь салбар дотроо боловсруулах үйлдвэрүүдэд технологийн болон стандартын шинэчлэлүүдийг хийх нь чухал. Ингэснээр дэлхийн стандарт руу ойртож очно. Дэлхийд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах чиг баримжаатай болно.
Манай байгууллага анх 2017 онд БНХАУ-д экспортлох шалгаруулалтанд орж экспортлох эрх авсан. Тэр үед үйлдвэртээ иж бүрэн засвар хийн БНХАУ-ын Мал эмнэлэг хорио цээрийн газрын шаардлагын дагуу бичиг баримтаа боловсруулан тэнцэж байлаа. 2017-2023 он хүртэл хиаман бүтээгдэхүүн экспортлоогүй. Учир нь тэр үед хятад иргэд монгол малын махыг сонирхож байсан ч хиаман бүтээгдэхүүнийг сонирхохгүй байсан. 2017 оноос хойш олон махны үйлдвэрүүд хонь, үхрийн махыг чанаж хөлдөөсөн байдлаар таниулж эхэлсэн. Энэ үеэс монгол махны амтыг мэдэрсэн байх. Уг нь бид махаа чанаж биш шинээр нь гаргах хэрэгтэй. Гэтэл мах нь өвчтэй байх эрсдэлтэй гэж үзэн БНХАУ-ын Мал эмнэлгийн хорио цээр гаалийн газраас хонь, үхрийн махыг чанаж хөлдөөж худалдан авах шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын дагуу манай үйлдвэрүүд хонь үхрийн мах экспортлож байна. Хятад иргэд сүүлийн үед монгол хиамыг махны орц ихтэй хэмээн ихэд сонирхож байна. Ингэснээр бид Өвөрмонголын “Замч” ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр монгол малын махаар хийсэн дөхвөн төрлийн утлагат хиамыг экспортлож байна. Мөн БНХАУ-д бүтээгдэхүүн экспорлох эрхээ 2028 он хүртэл сунгаад байна.
–Хоёр талаасаа зарчим нийлнэ гэдэг зөв шүү. Экспортын шаардлагыг дагаад компани, тэр салбарт шинэчлэл хийгддэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Экспортонд бараа бүтээгдэхүүн гаргах нь маш хариуцлагатай ажил. Тэр утгаараа улсын нэр хүнд дагалдаж явдаг. Бид саяхан ХБНГУ-ын хамгийн шилдэг “Мультивак” компанитай хамтран савалгааны хамгийн шинэ шугам болох бүрэн савалгааны автоматжсан шугамыг нэвтрүүллээ. Энэ бол олон улсад хэрэглэгдэж байгаа хамгийн өндөр стандартын шаардлага хангасан эрүүл, найдвартай технологи. БНХАУ ч энэ технологийг хүнсний салбартаа хэрэглэдэг. Ингээд харахаар салбар маань хөгжих боломж гэж харж байгаа. Зөвхөн “Хүнс групп”, “Хүнс комплекс” компанийн асуудал биш, Монголын хөдөө аж ахуйн салбар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар, боловсруулах үйлдвэрлэлийн салбар хөгжиж, дэлхийн жишиг рүү ойртож байна. Тийм ч учраас бид дотоодын зах зээл дээр, дотоодын ард түмний хүнсний хэрэгцээг чанарын шаардлага хангасан, бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн үг.
–Танайх БНХАУ-аас өөр ямар улсууд руу экспорт хийж байна. Дэлхий дахинд ковид дэгдээд, үргэлжлэн дайн байлдааны нөхцөл бий болчихлоо. Энэ нь экспортын салбарт нэлээд хүнд тусч байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид ямар стратеги хэрэгжүүлж байдаг юм бол?
-Манай компанийн хувьд БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хиаман бүтээгдэхүүн, Солонгос улс руу гэрийн тэжээмэл амьтан нохой, муурны хоолны тэжээл бүтээгдэхүүнүүд, мөн савласан хуурай болон нойтон хоолнууд, Япон руу адууны мах, Узбекистан руу үхрийн мах болон махан бүтээгдэхүүн, Казахстан руу мөн адил хиаман бүтээгдэхүүн, ОХУ-д хиаман бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй. Түүнээс тогтмол хийж байгаа экспорт бол Хятад, Солонгос. Харин Узбекистан руу бүтээгдэхүүн гаргах эхний шатны ажил үргэлжилж байгаа.
Экспортод тавигдаж байгаа шаардлага олон янз байдаг. Улс үндэстний өөрсдийнх нь соёлын ялгаа дээр суурилсан онцлогууд болон эрэлт байна. Хүнсний бүтээгдэхүүн, хүнс бэлтгэл, түүхий эд дээр тавьж байгаа шаардлага өөр, савалгаан дээр тавигдаж байгаа стандарт нь өөр байх жишээтэй. Тэр бүгдэд нийцүүлж ажиллана гэдэг өндөр хариуцлагатай ажил. Нөгөө талаар биднийг энэ нь илүү туршлагажуулж, сорилттой тулгарч, цаашаа хөгжих боломжийг өгч, шинэ ноу-хоу олж авахад тусалж байна гэж үзэж болно.
–Ярилцлагын эхэнд та монгол малын мах эрүүл байх ёстой гэж онцолсон. Эрүүл мал, эрүүл махны асуудал олон жил яригдаж байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц бол мах бэлтгэлийн эрүүл тогтолцоо гэж салбарынхан үздэг. Харин танай компани мах бэлтгэлийн үйлдвэр ашиглалтанд оруулаад байгаа. Үйлдвэр өөрөө мах бэлтгэх тогтолцоотой болчихно гэдэг том давуу тал шүү?
-Өнгөрсөн онд “Хүнс комплекс” компани үүсгэн байгуулагдсаны 32 жил ой тохиосон. Түүхт ойн жилээ бид Чехийн буцалтгүй тусламжаар Европын стандартын чанарын шаардлага хангасан мах бэлтгэлийн “Чингис рөүд” үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Үйлдвэр ашиглалтанд орсноор “Хүнс комплекс” компанийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх, тасралтгүй экспортод чиглэсэн болон дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа махан болон хиаман бүтээгдэхүүн эрүүл, чанарын шаардлага хангасан, түүхий эд материал хэрэглэх боломж нь бүрдсэн гэсэн үг.
Эрүүл махны асуудал таны хэлдгээр хөндөх сэдэв мөн. Бидний өнөөдрийн ахуйн хэрэглээний мах эрүүл үү, үгүй юу гэдэг эргэлзээ, таамаглал нийгэмд яригддаг. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой учраас ярих нь ч зөв. Мах бэлтгэлийн үйлдвэр маань малыг анхан шатнаас нь эрүүл үү, эрүүл биш үү гэж ангилдаг. Эрүүл мал байвал дараагийн шатанд малаа төхөөрөх мах бэлтгэлийн процесс руу ордог. Мөн эрүүл бус малаа эрүүлжүүлэх бүстэй. Тиймээс эрүүл биш малаа эрүүлжүүлэх процесс үргэлжилдэг. Харин эрүүл малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг.
Салбарын хувьд махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техникийн зохицуулалт батлагдаж 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд мөрдөгдөж эхэлсэн. Энэ нь та бидний хүнсэнд хэрэглэж байгаа махыг зориулалтын стандарт шаардлага хангасан, мал төхөөрөх үйлдвэрт төхөөрсөн байхыг шаардсан эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Энэ шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр салбарт том өөрчлөлт орж, боловсруулах үйлдвэрүүд заавал төхөөрөх үйлдвэртэй байна, эсвэл төхөөрөх үйлдвэрээс махаа авсан байхыг шаардах болсон. Нөгөө талд хэрэглэгч эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж, үнийн хөөрөгдөлгүй мах хэрэглэж эхэлж байна. Ченжийн тогтолцоо нэг талдаа халагдаж байна. Мэдээж шинэ зохицуулалт жигдэртлээ хөл толгой нь олдохгүй юм болох байх. Гэхдээ цаашдаа бид стандартын хувьд бариад явбал, хувийн хэвшил манлайлж оролцвол хүнсний эрүүл ахуйн хувьд маш том өөрчлөлт бий болно.
–Сүүлийн үед халал аргаар боловсруулсан махны экспорт манайд дэлгэрэх хандлагатай байна. Та бүхэн үйлдвэртээ энэ технологийг нэвтрүүлчихсэн үү?
-Соёлын ялгаа болон тухайн импортлогч орны шашны асуудал махны экспортод тод харагддаг. Узбекистан гэхэд исламын шашинтай орон. Исламын шашинтай орнууд бол заавал зориулалтын мал төхөөрөх үйлдвэрт халал аргаар төхөөрсөн малыг авдаг. Халал арга гэдэг нь хүнсний махан бүтээгдэхүүн дээр тавигддаг шашинд суурилсан стандартын шаардлага. Тиймээс бид зайлшгүй Халал стандарт, Халал технологиор мал төхөөрөх аргыг нэвтрүүлэх шаардлагатай болж байна гэсэн үг. Одоогийн байдлаар манай үйлдвэрт эхний тест үргэлжилж байна. Халал технологи бол дэлхий нийтээрээ хэрэглэж хэвшсэн технологийн арга тул бид ч зайлшгүй энэ технологийг нэвтрүүлээд явах ёстой.
–Одоо хоёулаа дотоодын зах зээлийн талаар ярилцъя. Дотоодын зах зээл ямар онцлогтой байдаг талаар болон хэрэглэгчдийн зан төлөв, хүнсэндээ тавьж байгаа шаардлагыг үйлдвэрлэлээр дамжуулан харж болдог шүү дээ. Нөгөө талаар ууган үйлдвэр “Хүнс комплекс” ХХК групп болон өргөжөөд байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-“Хүнс комплекс” ХХК 32 дахь жилийн ойн дээрээ “Хүнс групп” ХХК болон өргөжсөн. Манай “Хүнс комплекс”, “Кайлас”, “Хүнс боловсрол”, “Чингис рөүд”, “Амундра”, “Хүнс ферм” зэрэг үйлдвэрүүд нийлээд каластр цогцолбор буюу “Хүнс групп” ХХК болох суурь тавигдсан. Зах зээлд 80 гаруй төрлийн мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. Хэрэглэгчдийн судалгаанаас харахад мэдээж нийслэл Улаанбаатар хотод хамгийн ихээр танигдсан, хэрэглэгч олонтой брэндийн нэг.
Манай компани анх 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн мах махан бүтээгдэхүүний салбарт гол үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Ингээд харахаар өнгөрсөн 30 жилийн түүх бол манай салбарын түүх. Тиймээс салбартаа оруулах хувь нэмрийг шинэ түвшинд гаргахын тулд өөрсдөө шинэчлэгдэх шаардлагатай юм байна гэж бид үзсэн. Түүний дагуу корпорэйт ребрэндинг нэвтрүүлэн бүтээгдэхүүний сав баглаа болон технологи дээр суурилсан шинэчлэлүүдийг хийж байна.
Хүний биед шингэц сайтай, нэмэлт элемэнтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ манайх голчилж ажилладаг учраас энэ тал дээр илүү хөгжүүлэлт хийж байгаа юм. Нөгөө талдаа сав баглаа боодлын технологийг шинэчилж байна. Учир нь эдийн засаг болон хүн амын хүнсний хэрэглээ, хэрэглэгчийн зан төлөв цар тахлын өмнөх үе, цар тахлын дараах үе гэж ангилагдаж эхэллээ. Жишээлбэл, ковидоос өмнө задгай бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо сав баглаа боодолтойг түлхүү сонгож байна. Агаарт байгаа микро бичил биет бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх боломжтой учраас анхан болон хоёрдугаар шатны савлагаа, ариутгал зэрэг технологийн нэмэлт процессуудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Энэ нь үйлдвэрлэгч бидэнд технологийн болон стандартын шаардлагаа илүү сайжруулах үндэслэл болж байна. Дээр нь импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна. Хуучин бид ОХУ-аас түүхий эдээ авдаг байсан бол одоо Герман, Польш, Чех, Франц, Солонгос зэрэг улсуудаас түүхий эд, жор, материал бүх зүйлсээ авч байна. Энэ нь олон улсаас хамааралтай, технологийн шаардлага хангасан, олон улсын технологи шингэсэн бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээл дээр нийлүүлэгдэж байгаагийн илрэл.
-Ковидын үеэр хил гааль хаагдаж, үндэсний үйлдвэрлэл ямар амин чухлыг бид нийтээрээ харсан. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үйлдвэрлэгч та бүхэнд хэрхэн мэдрэгдэв. Ямар өөрчлөлт шинэчлэлт бий болов?
-Цар тахлын үед хүн амын хүнсний хэрэглээ өссөн. Хүн амыг хүнсээр хангана гэдэг маш чухал учраас маш хариуцлагатай үе байсан. Ачаалал нэмэгдсэн. Бид стратеги төлөвлөлт гарган, хүчин чадлуудаа нэмж ажиллаж байлаа. Өнөөдөр тэрхүү шинэчлэлтүүд маань компанийн зах зээл дээрх байр суурийг тодорхойлж, баталгаажуулж байна.
Нөгөөтэйгүүр бид дотоодын зах зээл дээр өрсөлдөнө гэхээс илүү салбараа хөгжүүлэх, чанаржуулах нь суурь юм байна гэдгийг харж онцгой анхаарч ажиллаж байгаа. Худалдааны борлуулалтын зарчим дээр захиалганд суурилсан бараа материалын хүргэлтийг хийж эхэлсэн. Өмнө нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлээд л болчихдог байсан бол одоо нэг агуулахаас эцсийн цэг дээр хэрэглэгчид хурдан хугацаанд хүрдэг болсон. Хүнсний бүтээгдэхүүн онцгой учраас богино хугацаанд эрсдэлгүйгээр тээвэрлэх ёстой. Энэ нь компани өөрөө менежментийн хувьд шинэчлэгдэх, засаглалын хувьд илүү цэгцтэй, менежментмийн шинэчлэлийг хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.
–Шинэ брэнд, үйлчилгээний талаар товч дурдахгүй юү?
-“Хүнс комплекс” ХХК 2023 оны эцэс 2024 оны эхэн гэхэд олон нийтэд нээлттэй компани болох зорилго тавиад ажиллаж байна. Ингэснээр бид хэрэглэгчид ойртсон, хэрэглэгчийн хүсэл зорилгод нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
Цаашлаад хүүхдэд зориулсан мах махан бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргана. Эргэлзээгүй хүнс гэдэг ойлголтыг бий болгох нь чухал. Цаашлаад бид convenience store болох дэлгүүрүүдэд зориулсан махан бүтээгдэхүүн, зайдсан бүтээгдэхүүнийг илүү олон төрлөөр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
–Ажиллах хүчний хүрэлцээ салбар болгонд яригдаж байна. Үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүч олон тоогоор шаардагддаг. Энэ тал дээр ямар менежмент хэрэгжүүлж байна вэ?
-Ажиллах хүч бол бид гэлтгүй бүх салбарын зовлон болсон. Хүний нөөцийн тогтвортой байдал гэдэг одоо бол мэргэжлийн ур чадвартай хүн гэхээс илүү хандлаганд суурилсан чадамжийг бий болгоё гэдэг зорилго бий болсон. Нөгөө талаар үйлдвэрлэл аль болох автомат систем рүү шилжих хэрэгтэй. Түүнийгээ дагаад эрсдэлгүй үйлдвэрлэл бий болно.
Манай компанийн үнэт зүйл бол ажилтан. Нэг талаар бид нэг гэр бүл. Хүний хүнсний хэрэглээг үйлдвэрлэж байгаа хүмүүс өөрсдөө эрүүл ахуйн шаардлага хангасан, соёлтой, мэргэжлийн ур чадвар сайтай ажиллах ёстой. Тийм ч учраас хүний нөөцийн албаа түлхүү хөгжүүлж байна. Манай нийт ажилчдын 70 гаруй хувь нь мэргэжлийн чадамжинд суурилсан сертификаттай. Харин удирдлагын түвшинд стратегийн бодлого дээрээ илүү чадамжинд суурилсан, хандлага сайтай, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, хөгжлийг байгууллагадаа нэвтрүүлэх чадамжтай хүний нөөцийг бүрдүүлээд ажиллаж байна.
Манай “Кайлас” ХХК гэхэд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, туслах эд жор, материал болон технологийг оруулж ирдэг, технологи нутагшуулдаг компани. Энэ хүрээндээ 2007 оноос хойш Польш, Герман, ОХУ-аас мах махан бүтээгдэхүүн боловсруулах технологийн инженерүүд урьж авчан мэргэжилтэн бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ нь салбартаа ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг илүү туршлагажуулах, олон улсын технологи ноу-хау-д суралцах, солилцох, тэдний дэвшилтэт технологийг оруулж ирж нутагшуулах чиглэл дээр санаачилж ажилладаг компани.
Харин “Хүнс боловсрол” ХХК маань боловсон хүчнийг бэлтгэх, бүрдүүлэх чиглэлд голлож ажилладаг. Их дээд сургуулиудад хүнсний технологич, мах сүүний технологийн ангид оюутан элсэх нь бага болсон. Бидний хувьд ХААИС болон Хүнсний технологийн коллежтэй хамтраад мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс сургууль дээр нь хөтөлбөр зарладаг. Оюутны сургалтын төлбөр болон суралцах хугацааны тэтгэлэг, мөн төгссөний дараа ажлын байраар хангах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин