МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” МУИС-ийн Номын санд болж өндөрлөлөө. 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг чуулганыг энэ жил “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулганы зорилго бол Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг сургалт, судалгааны байгууллага, бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний байгууллагууд салбарын асуудлаа хэлэлцсэн юм.
Чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого болосвруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагын 60 гаруй хүн оролцов.
Н.Батнасан: Бизнесүүд хоорондоо өрсөлддөг биш хамтарч ажилладаг загвар байх ёстой
Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан ярихдаа “МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2014 оноос эхлээд Энтрепренерүүдийн чуулганг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ чуулганы зорилго Монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, чиглэлд төр хувийн хэвшил, академик байгууллагуудынг хамтын ажиллагааг үүсгэх зорилготой. Манай эдийн засгийн үзвэл хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч гээд бүрэн эдийн засаг байдаг. Ийм маягаар яваад байвал энэ улсын ирээдүй яаж хөгжих вэ гэдэг том асуудал болж байна. Бидний хувьд өөр бусад чиглэлийн Энтрепренерүүдийн чуулганаар шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд ногоон бизнесийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү ач холбогдол өгч байна. Үүнд хоёр гурван зүйл бий. Нэгд, төрийн бодлого ногоон үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ямар байх ёстой вэ гэдэг дээр бид ярилцаж байна. Үүнд БОАЖЯ, Ойн газар, Усны газар, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газар гээд гол байгууллагууд бүгд оролцож байна. Хоёрт, ногоон санхүүжилтийг ямар зарчмаар олгох ёстой юм бэ гэдэг дээр ажилладаг банкны секторын бүх байгууллага оролцож байна. Дээрээс нь бизнесийн байгууллагуудаас ногоон бизнесийг яаж бий болгодог вэ гэдэг дээр туршлага солилцох платформыг үүсгэж байна гэж харж байна. Түүнээс гадна ногоон боловсрол олгох асуудал маш чухал. Өнөөдрийн ийм эдийн засагтай улс орон сургалт судалгаагаа ямар чиглэлээр хөгжүүлж байж ногоон эдийн засаг, бизнес рүү явах талаарх арга замын талаар хичээлийн хөтөлбөрт оруулах агуулгаа ч ярьж байна. Ноолуурын салбар дээр жишээ хэлье. Манай улс жилд ойролцоогоор 9000 тонн ноолуур бэлтгэдэг. Үйлдвэрүүдэд ноолуур угаах хүчин чадал нь бараг 40 мянган тонныг угаах хүчин чадал суурилагдсан. Уг нь 9000 тонн байхад л болох юм шүү дээ. Үйлдвэрүүд хүчин чадлынхаа 20, 30 хувиар ажиллахаар ашигтай ажиллаж чадах юм уу. Ингээд харахаар бидний бизнес загвар буруу байна. Хоорондоо л өрсөлддөг. Уг нь хамтарч ажилладаг загвар байх ёстой. Нэг хэсэг нь угаадаг, нөгөө хэсэг нь самнадаг, өөр нэг хэсэг нь бүтээгдэхүүн хийдэг, энд нэг хэсэг нь судалгааны хүрээлэн болон загвар дизайн гаргадаг, нэг хэсэг нь маркетинг хийдэг. Ингэж байж бид явна шүү дээ” гэв.
Б.Оюунсанаа: Цаг уурын өөрчлөлттэй уялдуулж хариу арга хэмжээ авах шаардлагатай
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Ногоон хөгжлийн тухай дэлхий нийтийн хандлагатай Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, Засгийн газрын олон бодлогын баримт бичгүүд дээр ногоон хөгжлийн бодлоготой зүйлсийг тусгасан. Тухайлаад ойн тухай ярья. Бид дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтөнд газрын гадарга, аливаа баялгийн эмх замбараагүй зүй зохисгүй ашиглалттай холбоотой зүйлс бий. Үүний нэг нь ойн нөөц. Хөнөөлт шавж, түймрийн нөлөөгөөр ойн сан бүхий газар доройтолд орж байна. Сүүлийн 30 гаруй жилийн статистикийг харахад 1.6 сая га талбай ямар нэгэн байдлаар доройтсон. Доройтоод байгаа нөөц баялгаа бид нөхөн сэргээх шаардлагатай. Үүний нэг нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр. Цаашдаа энэ хурдаараа явбал Монгол Улс бусад бүс нутгуудтай харьцуулахад агаарын температур харьцангуй хурдан нэмэгдэж байгаа. Тиймээс бид өөрчлөгдөж байгаа өөрчлөлтэй уялдуулж хариу арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Нөөцтэйгөө холбох ёстой. Нөөц гэхээр цаана нь хүмүүсийн нийгмийн аж амьдрал, амьжиргаа яригдана. Ойн нөөц гэхээр модон нөөц гэж харахад энэ нь Монгол Улсын 3.6 сая хүн амын хэрэгцээнд 800.000-1.000.000 шоо метр модыг түлээний зориулалтаар болон бусад модон материалын хэрэгцээ хангахын тулд бэлддэг. Энэ хэрэгцээг тасралтгүй хангахын тулд байгаа нөөцөө хадгалах, үржүүлэх тухай асуудал яригдана. Энэ үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоор бүрхсэн талбайг есөн хувьд хүргэх зорилт тавьсан. Одоо бол найм орчим хувьтай байгаа. Нөгөө талаар одоо байгаа нөөцөө хамгаалах асуудал чухал. Хортон шавж, түүний улмаас доройтоод байгаа хамгаалалтын механизмаа явуулах, шинээр тарьж ургуулах ёстой. Доройтсон ойгоо нөхөн сэргээх ёстой.
Д.Сайханжаргал: Ус бүхий бүс нутгаас усны хомсдолтой болж байгаа бүс нутаг руу ус хүргэх ажлууд чухал байна
Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Сайханжаргал “Монгол Улсын хувьд 2050 он гэхэд усны гачигдалгүй улс орон болох зорилт тавин ажиллаж байгаа. Бидний хувьд усны нөөцийг хамгаалах, усны зөв зүйтэй ашиглах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулан, бодлогын хэрэгжилтийг хангадаг агентлаг. Монгол Улсад дэлхий дээр багавтар усны нөөцтэй орны тоонд ордог. Төв Азийн өндөрлөг бүсэд байдаг учраас ууршилт маш өндөр. Тиймээс сүүлийн жилүүдэд мөсөн гадаргын талбай багасч, ууршиж байна. нөгөө талдаа баруун талд мөстөлт, мөсөн гол хайлсаар байна. Энэ үйл явцтай уялдуулаад бид усны нөөцийг барьж тогтоох, баруун талд мөсөн голын хайлалтыг тогтоож авах усан сан бий болгох шаардлагатай байна. Мөн говь, тал хээрийн бүс усгүй болж байна. Манай эдийн засгийг хөгжүүлэх уул уурхайн үйл ажиллагаа тэнд бий. Тэнд шаардлагатай усыг хүргэхэд одоо байгаа өндөр уулын бүс, хангайн бүсэд байгаа усыг говьд шилжүүлэн ашиглах ажлууд чухал байгаа. Өөрөөр хэлбэл, ус бүхий бүс нутгаас усны хомсдолтой болж байгаа бүс нутаг руу ус хүргэх ажлууд гэсэн үг. Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулах замаар энэ асуудлыг шийдэж болж байна. Өөрөөр хэлбэл, олон зориулалттай далан, усан цогцолборууд барих шаардлагатай. Энэ бол том бүтээн байгуулалтууд. Үүн дээр эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлүүд санаачлагатай ажиллах зайлшгүй шаардлагатай. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Тухайн төслүүдийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулах, үүн дээр олон улсаас хөрөнгө босгох зэрэг ийм асуудлууд дээр хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллахаас өөр аргагүй гэсэн юм.