Нэг үеэ бодвол манайхан хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгыг гүйцэд биш ч гэлээ ядаж л хугацааг нь хардаг болсон. Ходоод бол юу ч хамаагүй шидэж болдог хогийн сав биш гэдгийг хэрэглэгчид ойлгочихоод байхад үйлдвэрлэгчид “но”-гоо арилгах хэрэгтэй. Үнэндээ саяхныг хүртэл манайхан “Бүтээгдэхүүний хаяг дээр хоёр он, сар, өдөр бичээстэй байвал үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь тэр.
Нэг он, сар, өдөр бичээстэй бол дуусах хугацаа гэсэн үг байх” хэмээн монголчилж ойлгохоос өөр аргагүй нөхцөлд байв. Хайж хайж олдох тэр ганц огноо нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа юу, эсвэл савласан уу, эс бөгөөс дуусах сар, өдрийг тэмдэглэсэн мэдээлэл үү гэдгийг дэлгүүрийн худалдагч ч мэддэггүй. 2016 онд МХЕГ-ынхан 6420 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийхэд хаяг шошгын мэдээллийн шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрсэн тохиолдол бий.
Угтаа манайхан л хүнсний бүтээгдэхүүний сав, боодол дээрх шошгыг зөвхөн үйлдвэрлэсэн болон дуусах хугацааны мэдээлэл гэж хардаг болохоос олон улсад энэ нь илүү өргөн утгаар ойлгогддог. Хүнсний бүтээгдэхүүний нэр, хаяг, орц бүрдүүлэгчийн жагсаалт, цэвэр бас хуурай жин, үйлдвэрлэсэн орон, огнооны тэмдэглэгээ ба хадгалалтын горим, хэрэглэх заавар, шимт бодисын мэдээлэл, агууламж, эрүүл мэндийн мэдэгдэл гэх мэтчилэн сав, боодлын шошго дээрх үг, үсэг, тоо болгон хэрэглэгчид хүртээлтэй байдаг.
БНСУ-д гэхэд л тухайн бүтээгдэхүүний орц бүрдүүлэгчийн жагсаалтыг бичихдээ хэдэн хувьд нь дотоодын түүхий эд ашигласан, хэдэн хувь нь гадаадын аль орны ямар юмыг “зээлдсэнээ” шударгаар тэмдэглэдэг аж.
Францад өглөөний шинэхэн талх илүү үнэтэй бөгөөд цаг, минут өнгөрөх тусам үнэ нь доошилсоор нэг хоногийн дараа навс унадаг ч худалдаж авах хүн ховор байдаг гэхээр шошгон дээрх мэдээлэл тэнд ямар хүчтэй “дуу хоолой” болдог байх нь вэ.
“Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага” нэртэй шинэ стандарт Монголд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хоёр жилийн өмнө тогтоол нь гарч, өнгөрсөн оны эхнээс хэрэгжих байсан ч бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гээд 365 хоногоор хойшлуулсан уг стандартыг өнөө манайхан хэр мөрддөг юм бол.
“Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл нь буруу, хууран мэхэлсэн, эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц, эндүү ойлголт төрүүлэхүйц байж болохгүй” гэж эл стандартын ерөнхий зарчимд тусгажээ. Гэтэл захын нэг дэлгүүрийн хөргөгчинд “30 хоног хадгална” гэсэн огноотой, элдэв сонин нэртэй, хэрчсэн гурил юм уу, гоймон уу гэдгийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө ч мэдэхгүй боловсруулсан бүтээгдэхүүн байх аж.
Хэрэв тэр нь хэрчсэн гурил бол тухайн бүтээгдэхүүнийг 72 цаг л хадгалах горимтой юм билээ. “Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, эскпортлогчийн нэр, хаягийг шошгон дээр мэдээлнэ” гэх мэт нарийн ширийн стандартыг одоо шууд мөрдөхөд түвэгтэй байгаа юм биз гээд ойлгоё гэх нь ээ хэнэггүй монголчуудаа ингэж зальжин аргаар хуурч болохгүй байх аа.
“Зохицуулах үйлчилгээтэй хүнс”, “Баяжуулсан бүтээгдэхүүн”, “Органик хүнс” гэх мэт хаяг шошготой нарийн боовыг та дэлгүүрээс бишгүй худалдаж авдаг биз. Гэтэл энэ ч бас нэг төрлийн залилан аж. ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Органик хүнсний тухай хууль батлагдсан цагаас эхлээд л аж ахуйн нэгжүүдийг “Наад бүтээгдэхүүн чинь үнэхээр органик хүнс мөн, эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй хэрнээ ингэж хуурамч хаяг шошгоор иргэдийг төөрөгдүүлж болохгүй” гэж гуйх, аргадахын хооронд хоёр жил шахам болж буй гэнэ.
“Бид хямд төсрийг нь бодоод сав, боодлоо гадаадад олон тоогоор захиалж хийлгэдэг. Тиймээс нэгэнт захиалсан сав, боодлоо дуусахаар хаяг, шошгоо өөрчилье” хэмээн аргацаасаар өдий хүрснийг мэргэжилтнүүд хэлсэн. Амьхандаа л эрүүл мэнддээ тустай хүнс хэрэглэчих юм сан гэх иргэдийнхээ сэтгэл зүйгээр манай үйлдвэрлэгчид ийн тоглосоор буй.
Нөгөө талаас зөвхөн үйлдвэрлэгчид гэлтгүй, хэрэглэгчдийг хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын тухай илүү сайн ойлголт, мэдээлэлтэй болгох шаардлага бий. Адаглаад “Кока кола” ундааны шошгон дээр элсэн чихрийн агууламж хэдэн хувьтай байгааг, нэг уут чипсэн дэх давсны орцыг хараад, үүнийг өдөр бүр хүүхдэдээ авч өгөх хэрэгтэй юү гэдгээ эцэг, эхчүүд бодолцдог болбол сайн сан.
Үүний тулд ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хамтраад, бүх нийтийг мэдээлэлжүүлж, соён гэгээрүүлэх шинэлэг ажлууд хийж болно шүү дээ. Тэгж байж хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт монгол хүн бүрт хүрнэ. Мөрдүүлэх гэж мэргэжлийн хяналтынхан тал талд үйлээ үзэх бус, хэрэгжилтэд нь иргэн бүр хяналт тавих боломж бас бүрдэнэ.
ИНФОГРАФИК