Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашингүй өдөр” тохионо

 

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.

Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчилэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул, Туул голын сав газрын захиргааны олон нийт, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Наранчимэг, JCI Монгол байгууллагын маркетинг хариуцсан захирал Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг УБЗАА-аас нэмэлт машин гаргаж, цэвэрлэж ачуулах арга хэмжээ авна. Дүүргүүдийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэнэ. Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд ангилсан хог хаягдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах ажиллагаа зохион байгуулна” хэмээлээ.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээлэл өгсөн юм.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөсөн” хэмээв.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн