Монгол Улсад засаглалын хямрал үүсээд нилээд он жилүүд өнгөрлөө. Гэвч үүнийг шийднэ хэмээн сонгогдсон эрх баригчид шийдсэнгүй. Тэр бүү хэл шийдэхийг ч хүсэхгүйгээр үл барам үндсэн хуульд гар дүрж өөсдийгөө төрд дархалж үлдээхийг санаархаж байна. Энэхүү асуудлын талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-Та эрх зүйч хүний хувьд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна вэ. Өнөөдөр төрийн хямрал хуулиндаа байна уу, хүндээ байна уу. Төрийн түшээд нь хуулийг гуйвуулж, засч хулгай хийж буйг бүгд мэддэг боллоо?
-Сайн хуультай байхад муу хүнийг ч ажил хийлгэж болдог, харин муу хүн байвал сайн хуулийг ч завхруулж буруугаар ашиглана. Тиймээс сайн хууль, шударга ажилтан байж гэмээнэ улс хөгждөг. Өнөөдрийн манай хуулийг 1992 онд социализмын үеийн эх оронч, шударга сэхээтхүүд маань сайн, сайхан зүйл бодож хийсэн нь дамжиггүй. Тэдгээр сэхээтнүүд маань баталсан хуулийг нь ирээдүйд муу хүмүүс буруугаар ашиглан ард түмнээ дээрэмдэж, доромжилж, улсаа худалдана гэж огт бодоогүй байх. Харин бодит байдал дээр худалч, хулгайч хүнийг төрд шургалах бололцоог олгосон нь уг хуулийн гол алдаа юм. Хуулийн сул талыг ашиглан эх орны баялгийг цөлмөж дуусах нь байна. Одооны үндсэн хуулийн гол алдаа нь.
Нэгдүгээрт байгалийн баялаг бол төрийн өмч гэсэн зохицуулалт оруулсан. Энэ нь ямарч хүн баялгийг дураараа хувьдаа ашиглаж болох муу талтай.
Хоёрдугаарт нь байгалийн баялаг эзэмших төрийн эрх баригчдыг бүрдүүлэх тогтолцоогоо мөн л алдаатай хийсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийг мөнгөөр хийдэг тогтолцоотой болгосон.
Гуравдугаарт УИХ, ЗГ, ШҮҮХ гэх мэт төрийн байгууллагууд бие биенээ хянах боломжгүй байдлаар хийсэн.
-Үндсэн хуулийн бүх гажуудал яг юундаа байгааг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байж магадгүй л дээ?
-Ер нь үндсэн хуульд тогтолцоо нь хаан буюу дарангуйлагчийн эрх мэдлийг нь тараах тухай ойлголт юм. Үндсэн хууль нь, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэх мэт гурван эрх мэдлийг нэг нь нөгөөдөө хамааралгүй харин бие биенээ хянадаг засаглалын хэлбэр юм. Гэвч манайд бүгдийг намтай холбосон, сонгуульд ялсан нам нь ерөнхий сайдаа, шүүгчээ томилж, төрийн бүх эрхийг дөрвөн жил барьж энэ хугацаандаа хууль тогтоох нэрийдлээр улсын төсөв хөрөнгө, бүх баялгийг дур мэдэн зарцуулах хэмжээлшгүй эрхтэй болчихоод байна.
Уул шугамандаа ард түмэн төрийн эрхийг ямагт өөртөө хадгалж байх ёстой. Гэвч өнөөдөр МАНАН бүлэглэл нь засгийн эрхийг барьж, цаашид ч байнга барьж байх бүх аргыг хэрэглэж байна.
-Тиймээс өнөөгийн Үндсэн хуулийн ямар заалтуудыг нэн даруй өөрчлөх шаарлагатай вэ?
-Монголын ард түмэн, төр засгийн бүрэн эрхийг барина гэсэн зарчмыг ойлгож, уг зарчмын дагуу шинэ хуулийг баталж хэрэгжүүлэх ёстой юм билээ. Энэ нь ард түмэн дундаасаа шударга төрөө байгуулж, түүнийгээ бүрэн хянадаг байх хэрэгтэй юм. Мөн УИХ, Засгийн газар, шүүх гурав нь нэг нэгнээ шударгаар хянадаг тогтолцоонд тулгуурласан үндсэн хууль л монголд хэрэгтэй. Түүнчлэн хоёр танхимтай их хурлын нэгэнд нь иргэд сууж, гүйцэтгэх засаглалаа өөрсдөө сонгодог болох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эзэн нь ард түмэн биш, сонгуульд ялсан нам болон МАНАН бүлэглэл болчихоод байна.
–Хоёр танхимтай их хурал байгуулах нь хамгийн зөв гэж их ярих боллоо. Уг хоёр танхимд сонгогдсон гишүүдийн эрх мэдлийг хэрхэн хянах вэ. Улам олон худалч, хулгайч нар шургалачих юм биш үү?
-Өнөөгийн их хуралд хэмжээлшгүй их эрх мэдэл олгочихсон. Тэд бүх стратегийн орд, төсөв зарцуулах эрх, Засгийн газар, Монгол банк, Дээд шүүх, АТГ-ын даргыг томилох гэх мэт бүх эрх тэдний гарт байгаа тул тэд мөнгө тарааж сонгогдоод, дараа нь хүссэнээрээ хулгай хийж тараасан мөнгөө хэдэн арав дахин нугалж хулгайн замаар авч байна. Тиймээс энэ эрх мэдлийг нь шинэ үндсэн хуулиар үгүй хийснээр зөвхөн хууль баталж, эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй шударга хүмүүс уг хоёр танхимд сонгогдон ажиллах болно. Дээрх зүйлийг захирах эрхтэй Засгийн газрыг иргэдээс сонгогдсон шүүх, хоёр танхимын гишүүд болон бидний шинээр санаачилсан хяналтыг засаглал нь шударгаар хянана. Энэ хяналтын засаглал нь хүний эрх, санхүүгийн зарцуулалтыг хянах үүрэгтэй юм.
-Иргэд сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэсэн тогтолцооны аль нь Монголд тохирох вэ гэсэн асуудлаар маргах боллоо. Таны харж буйгаар аль нь бидэнд тохиромжтой вэ?
-Тэгэхлээр дарангуйлагч төр, ардчилсан төр гэсэн хоёр ойлголт байна. Ардчилсан төрд таны асуусан хоёр тогтолцоо багтана. Парламентын засаглалын сул тал нь УИХ, Засгийн газар хоёр нь нэг хөнжилд байж нэг хүн өөрөө хууль санаачлан баталж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Үүнээс ямагт хувийн ашиг сонирхлын зөрчил гардаг төдийгүй сайд нар нь давхар дээлтэй байдаг.
Харин Орос, Америк тэргүүтэй дэлхийн 150 гаруй улс ерөнхийлөгчийн засаглалтай байна.Энэ засаглал нь эдийн засгийн хувьд өндөр хөгжих боломжтой бөгөөд их хурал нь зөвхөн хууль санаачлан баталдаг. Ерөнхийлөгч нь Засгийн газрын ажлаа хийж бие биенээ хянадаг. Ер нь мэргэжлийн Засгийн газар гэдэг бол зөвхөн Ерөнхийлөгчийн засгийн газартай улсад л байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар манай иргэдийн 51 хувь нь ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн байна. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс энэ талаар санал асуулга явуулахад ард түмний төлөөллийн ихэнх нь мөн л ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн байгаа юм. Харин тэд үүнийг тас нууж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа авч үлдэн дахин найман жил төрд эзэн суух увайгүй арга хэрэглэхийг санаархсаар байна.
-Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуулийн төсөлд оруулсан саналаа эргүүлэн татаж, цаашид Монгол Улс парламентын засаглалтай байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн саналыг иргэдээс асууя гэлээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ бол Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ л эдэлсэн хэрэг юм. Харин үүнээс ажиглахад их хурлын хугацааг уртасгая, гишүүдийн тоог нэмэе гэх мэт их хурал санаачлах эрхгүй зүйлээ түүгээр дамжуулан санаачлуулж буй мэт дүр зураг харагдсан. Гэхдээ түүний санаачилсан төсөлд өөр Засгийн газрыг тогтвортой байлгах талаар улс орны хөгжилд тустай заалтууд байсан ч үүнийг нь их хурал хасаад ямарч хэрэггүй заалтуудыг үлдээсэн. Ингэхлээр ерөнхийлөгч төслөө татаж авах нь зөв шүү дээ.
-Парламент Ерөнхийлөгчөөр дамжуулан УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгон нэмэхийг санаархлаа?
-Урьдаар гишүүдийн тоо ямарч ач холбогдолгүй гэдгийг иргэд маш сайн ойлгох нь чухал юм. 99 эсвэл 108 боллоо гээд хулгайчийн тоо л нэмэгдэнэ. Зүй ёсондоо манай их хурал хулгайч гишүүдээ, хулгай хийхгүй байхыг хянах ёстой атал, хулгайч гишүүдийнхээ тоог нэмэх тухай ярьж буй нь дэндүү увайгүй хэрэг. Үүний цаана МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн бүлэглэлийн шинэ залуусаа төрд оруулъя гэхээр одоо байгаа гишүүдийн хэнийг нь цаашаа гэхэвдээ. Ийм учраас л гишүүдийг тоог нэмэх хүсэлтэй байсан ч бүтсэнгүй дээ. Энэ тал дээр дахин хэлэхэд тооны цаана юу ч байхгүй, тооноос чанар чухал. Их хурал нь зөвхөн хууль тогтоож, ард түмэн засгийн газраа сонгож байж гэмээнэ сая чанарын өөрчлөлт гарна.
-Иргэд засгаа өөрөө сонгох ёстой гэснээс улбаалан сонголтгүй сонгуулийг хэрхэн шийдэх нь зөв бэ?
-Эрх баригчид сонгуулийн хууль буюу тоглоомын дүрмээ өөртөө ашигтай болгож тухай бүрт нь өөрчилдөг. Мөн бусад намуудад маш шударга бус шаардлага тавьдаг. МАН, АН-ын нэр дэвшигчид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дулдуйдан тэд ард түмэнд хүссэнээ ярьж амалдаг. Харин бусад намууд цалин тэтгэвэр нэмэе, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээе, зээлийн хүүг бууруулъя гэх мэт зүйлийг яривал сонгуульд оруулахгүй гэсэн дэлхийн хаана ч байхгүй хуультай улс Монгол болоод байна. Мөн энэ бүхнийг даваад гараад ирсэн хүнийг зохиомол хэрэг үүсгэдэг, хэлмэгдүүлдэг, шоронд хийчихдэг.
-Иргэдийн саналаа чөлөөтэй өгөх эрхийг нь эрх баригчид далдуур хязгаарлаад байна гэж ажиглагддаг ?
-Өнөөдөр эрх баригчид иргэдийн цалин, тэтгэвэрийг хамгийн доод хэмжээнд барьж туйлын ядуу байлгаж байна. Энэ нь мөнгө өгч өөрсдийгөө сонгуулах л гол арга. Сонгуулиар иргэдэд тараасан төгрөг нь ердөө л нэг гишүүний ЖДҮ-гээр хулгайлсан мөнгөнд ч хүрэхгүй байх жишээтэй. Энэ нь тэдний урьдаар төлөвлсөн, зорилготой үйл ажиллагаа юм.
-Өнөөгийн УИХ-д үндсэн хуулийг шударгаар хэрэгжүүлэх хүсэлтэй хүн ер нь бий болов уу?
-Өнгөрсөн 30 жилийн Монголын төрийг энгийнээр жишиж үзэхэд тогоотой гашилсан цай юм. Нэгэнт гашилсан цайнд дахин ямарч шинэ ус, сүү, идээ хийгээд нэмэргүй. Эрх баригчид үндсэн хуулийг засах нэрийдлээр өнөөх гашилсан цайндаа өөрсдийгөө банш болгон хийж гоё цай болгох юм ярьж байна. Тиймээс одоо нэгэнт гашилсан цайгаа асгаж шинэ үеийн залуус орчин үеийн кофе чанамаар байна.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.