Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу

Монгол Улсын хүний хөгжил, соён гэгээрүүлэх салбарын бодлогыг тодорхойлж байдаг БСШУСЯ-ны ажил урагшлахаа байсан нь сүүлийн үед гацаанд орж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн томоохон төсөл хөтөлбөрүүдээс харж болно. Хэд хоногийн өмнө тус яамны удирдлагууд Ерөнхий сайдаас хатуухан банга хүртэж, сануулга авсан.

image

Учир нь соёл урлагийн зарим байгууллагын барилгын ажлын явцын талаар мэдээлэл солилцож танилцуулга хийх үеэр Үндэсний их театрын шинэ барилгын макетыг хараад “Сургуулийн сурагчаас долоон дор юм хийхээ боль. Та нараас илүү гадаадад мэргэжил эзэмшсэн, төрд ажиллах хүсэлтэй олон залуучууд бий. Энд буг болж суух хэрэггүй. Ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа” хэмээн дэд сайд Г.Ганбаяр болон Үндэсний урлагийн их театрын дарга гэх Г.Цоггэрэл нарт анхааруулсан юм. Ийнхүү ажил урагшлахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд тус яамны удирдлагуудад ажлаа сайжруулах 14 хоногийн хугацаа өгсөн.

image

Ё.Баатарбилэг: Төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр буруу ойлголт яваад байна

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уг асуудалд тайлбар хийхдээ “Үндэсний их урлагийн театрын макет бэлэн болоогүй байгаа. Зураг төслийг нь хийсэн компаниуд шалгараад ч удаагүй байгаа. Тэд өөрсдийнхөө боломж бололцоогоор маш богино хугацаанд иймэрхүү хэлбэр, галбиртай байх юм гэдгийг нь урьдчилсан байдлаар үзүүлсэн төдий. Тэрийг төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр буруу ойлголт яваад байх шиг байна лээ. Тэд нарт мөнгө төгрөг өгөөгүй. Зургийн компаниуд өөрсдөө л макет хийж байгаа” хэмээн өөрсдийгөө өмөөрсөн, буруугаа бусад руу чихсэн янзтай тайлбарыг өгсөн.

Уг нь орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой аж.

Түүнчлэн тус яамыг тойрсон дараагийн нэг асуудал бол ЕБС-ын сурах бичиг өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй, зарим сургуулийн сурагчдын гар дээр очоогүйгээс аргагүй эрхэнд номоо худалдаж авч байна. Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэх шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд нэг сар орчмын хугацаа өнгөрч байхад сураг чимээ алга. Уг нь есдүгээр сардаа багтаж сургуулийн номын сангаар дамжуулан түрээслэх сурах бичиг хэвлэгдэнэ хэмээн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлж байв.

image Б.Баярсайхан: Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийх зөвшөөрөл хараахан ирээгүй

Тэрбээр Энэ жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг сурах бичгийг найман тэрбум төгрөгийн 2.6 сая төгрөгийн санхүүжилтээр хэвлүүлж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийх зөвшөөрөл хараахан ирээгүй. Энэ есдүгээр сарт багтааж түрээслэх номын хэвлэлийг дуусгана” гэсэн тайлбарыг өгч байжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байна. Энэ нь нөгөө л сурах бичиг хэвлэх тендертэй холбоотой.

Долдугаар сард яамнаас сурах бичиг хэвлэх гурван тендерийг зарлаж улмаар наймдугаар сард үнэлгээ хийсэн байна. Ингээд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас БСШУСЯ-ыimageн зохион байгуулсан тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой. Тиймээс санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж байгаа талаар яамнаас мэдээллээ.

Сурах бичгийн тендерийн маргаан өнгөрсөн жил нэлээд сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ жил хичээл эхлээд сар орчим болж байхад сурах бичиг хэзээ сурагчдын гарт очих нь бүрхэг хэвээр л байна.

Ер нь цаашид салбар яамны зүгээс сурах бичгийн хүртээмж, олголтын талаар нэгдсэн бодлоготой болж жилийн жилд тендерийн маргаан, агуулгын алдаа, сурагчдыг хичээлийн хоцрогдолд оруулдаг энэ мэт хариуцлагагүй тогтолцооноосоо салах хэрэгтэй.

Эндээс дүгнэхэд Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг бодлогын түвшинд тодорхойлох чиг үүрэгтэй БСШУС яам ажлаа төлөвлөж чадахгүй байгааг дээрх хоёр жишээнээс харж болох нь.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн