Бригадын генерал Ж.Болдбаатар: Сайн дураар цэргийн албанд мордохыг уриалсан мэдээлэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй

Батлан хамгаалах яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийлээ.

ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Энэхүү зурагт мэдээллийн дээр Монгол Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сүлдэт тэмдэг, нэрийг байршуулсан байдаг.

Энэ тухай БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар  “2022 оны есдүгээр сарын 15-наас цацагдсан мэдээлэл худал. ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе руу холбогдож тодруулахад ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Хууль, хяналтын байгууллагад хандлаа. Энэхүү хуурамч мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл юм. Уг мэдээлэл хаанаас гарсныг тагнуул, хууль хяналтын байгууллага шалгана. Монгол Улсын Засгийн газрын лого, ОХУ-ын БХЯ-ны лого, таних тэмдгийг ашигласан. Үндсэн хуулиас салбарласан Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсад цэрэг татлага явуулах, цэргийн харилцааг зохицуулах талаар дурдсан байдаг. Тус хуульд бусад оронд гэрээгээр алба хаалгадаггүй заалттай. Энэ маш ноцтой асуудал” гэв.

Эх сурвалж: udur.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн