асгийн газраас УИХ-д өргөн бариад буй ирэх оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 18,921.9 тэрбум төгрөг, зарлагыг 20,475.3 тэрбум төгрөг байхаар тооцож тусгаад буй. Энэ нь Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ 2,561.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Монгол Улсын 2023 төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 5 хувь, инфляцийг 8 хувьд барина гэж тооцсон. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн ханшийн сулрал, тээвэр логистикийн хүндрэл, олон улсын зах зээл дээрх хүнсний инфляци өндөр байгаа зэргээс шалтгаалан хүнсний бүлгийн үнэ 18.7 хувиар өссөн нь өдгөө инфляцийн түвшин 14.4 хувьд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлс.
Цар тахлаас өмнө импортын барааны инфляци нийт инфляцийн 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 51.4 хувийг бүрдүүлжээ. Энэ нь гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, худалдааны түнш орнуудын инфляци өсч, төгрөгийн ханш суларч, импортын үнэ нэмэгдсэн шалтгаантай холбоотой.
Монгол Улс нэгдсэн төсвийн нийт орлогоороо ирэх онд 19.6 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Засгийн газар 2023 онд боомтын сэргэлтийг эрчимжүүлэн эрдэс бүтээгдэхүүний экспортыг тэлж, татварын төлөлтийг сайжруулна гэсэн үндэслэлээр орлогыг өнгөрсөн оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлсэн байна.
Орлогын албан татвараар 3.5 их наяд төгрөг, хувь хүний орлогын албан татвараар 1.2 их наяд, НӨАТ-аар 4.5 их наяд, нийгмийн даатгалын татварын орлогоор 3.5 их наяд, онцгой албан татвараар 966 тэрбум, тусгай зориулалтын орлогоор 20 тэрбум, Гаалийн албан татвараар 1.5 их наяд, бусад албан татвар төлбөр хураамжаар 2.7 их наяд төгрөг буюу татварын нийт орлогоор 17.1 их наяд төгрөг бүрдүүлнэ гэж үзжээ. Харин татварын бус орлогоор 1.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.
Монгол Улсын төсвийн орлогод тэргүүлэх байр суурьтай уул уурхайгаас ирэх онд 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлэх тооцоо гаргажээ. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2.5 их наядын орлого олно гэж тооцсон бол алтнаас 238 тэрбум, нүүрснээс 1.7 их наяд, зэсийн баяжмалаас 2.3 их наяд төгрөг тус тус олно гэж тооцоолсон байна.
Эрдэс баялгийн хувьд төсвийг бүрдүүлэхэд гардаг хүндрэл бол үнийн асуудал. Дэлхийн эдийн засаг, ялангуяа манай гол нийлүүлэгч БНХАУ-ын нүүрсний үнэ ирэх жилд ямар байх вэ гэдгийг олон улсын байгууллагын төсөөлөлд үндэслэн тооцдог. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 408 ам.доллар орчимд хэлбэлзэж буй. Харин ирэх онд зэсийн үнийг тонн тутамд 8400 ам.доллар байхаар тооцжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөвт тооцож оруулсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, нүүрсний олборлолт 45 хувиар, газрын тосны олборлолт 97.5 хувиар тус тус буураад буй.
Оюутолгойн ордын далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхлэхтэй холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.4 сая тоннд хүрэхээр тооцжээ.
Ирэх онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сэргэж, уул уурхайн экспорт өснө гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг өнгөрсөн оны батлагдсан түвшинтэй харьцуулбал 13.6 хувиар өсгөсөн байна.
Эдийн засагчид төсвийн гол бүрэлдэхүүн хэсэг болох татварын орлого хэр баталгаатай вэ гэдгийг маш сайн тооцоолохыг анхааруулж буй юм. Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй энэ цаг үед эдийн засгийн дийлэнх хувийг нуруундаа үүрдэг аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх ёстой. Хэт өөдрөгөөр төсөөлснөөс болж улсын орлого бүрдэхгүй тасрах эрсдэл бийг анхааруулж байна. Иймд улсын орлого тасрах эрсдэлийн шалтгааныг судалж, эрсдэлийн тооцоо хийх нь зүйтэй юм.
Монгол Улс жил бүр нүүрсний экспортыг нэлээн өөдрөгөөр төсөөлж ирсэн. Хэдийгээр эрдэс бүтээгдэхүүний үнэ ойрын хугацаанд өсөлттэй байгаа ч шинжээчид дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн өсөлтөөс үүдэлтэйгээр дунд хугацаанд нүүрсний үнэ буурна гэж таамаглаж буй. Нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын хоригтой холбоотойгоор цаашид хил нээлттэй байх эсэх нь тодорхой бус байгаа юм.
Нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонноор тооцож, тонн тутамд 110.8 ам доллар байхаар оруулж иржээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Зэсийн үнэ буух төлөвтэй байгаа ч дунд, урт хугацаандаа өснө гэж төсөөлсөн, нүүрс 144 доллар дээр, алт 1800 орчим байна гэж харж байна” гэж хэлж байв. Бодит байдал дээр алтнаас бусад нь төсөөлсөн хэмжээнд байх магадлал бага байна.
Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засаг агшиж буй хэрээр бүтээн байгуулалт, үйлдвэрлэлүүд буурах эрсдэлтэй. Төсвөөс хамаарч орлого тасрах нь бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг царцааж, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмжийг хумих сөрөг үр дагавартай билээ.