БНСУ-ын томоохон хэвлэл болох SBS news агентлаг Монголд аялж байсан тус улсын иргэн дээрэмдүүлсэн талаар өчигдөр /2022.10.09/ мэдээлжээ.
Тодруулбал, коронавирусийн цар тахал бага багаар хумигдахын хэрээр олон улс орнууд хилийн хориогоо суллаж, гадагшаа аялах иргэдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл БНСУ-аас Монгол руу визгүй болсонтой холбогдуулан манай улс орныг зорих жуулчдын тоо эрс нэмэгдээд буй. Нэн ялангуяа Солонгосын алдартай youtuber-ууд ирж буй нь том сурталчилгаа болж буйг салбарынхан онцолсоор байгаа юм.
Гэтэл үүнийг даган гаднын жуулчдыг дээрэмдэх, биед нь халдах тохиолдол гарах болсон бөгөөд БНСУ-ын иргэн А-г Монголд аялж үндэсний Монгол гэрт байрлаж байх зуур дээрэмдсэн хэрэг гарчээ.
Энэ талаар хохирогч А нь SBS телевизэд ярихдаа, “Монгол үндэсний гэрт байрлаж байх зуур хаалганы дээгүүр хутгаар сийчиж, хаалганы түгжээг тайлж улмаар гурван гар утас, зөөврийн компьютер, автомашины түлхүүр гэх мэтчилэн таван сая вон орчмын хохирол учирсан” гэжээ. Цар тахал дуусаж гурван жилийн дараа хилийн чанадад гарсан ч ийнхүү хар дарсан зүүд болон хувирч байна гэдгийг онцолсон байна.
Иргэн А нь БНСУ-д буцаж очоод Монгол руу өөрийг нь жуулчилж өгсөн аялал жуулчлалын агентлагт “Аюулгүй байрлуулж чадаагүй тул нөхөн төлбөр өгөхийг шаардсан” боловч татгалзсан байна. Аялал жуулчлалын компанийн зүгээс жуулчдад “Үнэтэй эд зүйлсээ биедээ заавал авч явах, гэрээ түгжихийг анхааруулсан” энэ нь бидний зүгээс аюулгүй байдлын үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг хэлсэн ч хохирогчийн зүгээс “Хаалгаа түгжээгүй биш түгжсэн байсан. Бүх үнэтэй зүйлээ тэврээд унтах ёстой байсан юм уу” хэмээн зарга үүсгэсэн аж. Мөн аяллын үеэр хулгай дээрэмд өртсөн тохиолдолд 100 хувь аялал жуулчлалын компани хариуцах түүнд хариуцлага тооцох нь хэцүү байдаг тул аялалд гарахаасаа өмнө даатгалд хамрагдахыг зөвлөжээ.