ТББХ: Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.11/ 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.2-т “Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 17.3-т “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д “Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ:

24.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх;

24.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх;

24.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах” хэмээн заасны дагуу асуудлыг хэлэлцэх гэж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан.

Төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбар хийсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.”, 17.3-т “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.” гэж заасан. Энэхүү заалтын дагуу 09 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн саналаар тогтоол гаргахыг дэмжсэн тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээлээ.

Ингээд хуралдаан даргалагч ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ард нийтийн санал асуулга зохион байгуулах зардал, хугацаатай холбоотой асуудлыг тусгасан тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Байнгын хорооны дарга энэ үеэр мөн дурдсан.  Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн