“Korean air”-ийн онгоц осолдов

Филиппинийн Сэбү олон улсын нисэх онгоцны буудал дээр өчигдөр /2022.10.23/ орой “Korean airlines” компанийн онгоц хөөрөх зурвасыг хэтэрсэн талаар REUTERS мэдээлэв. Тус онгоц БНСУ-ын Сөүлээс ирсэн бөгөөд 173 зорчигчтой байсан. Хөөрөх зурвас хэтэрсэн ч гэмтэж бэртсэн хүн үгүй. Бүх зорчигчийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж агаарын тээврийн компаниас мэдээллээ.Тухайн үед цаг агаар таагүй байсан учир “Airbus SE” онгоц газардах гэж хоёр ч удаа оролдоод, гурав дахь дээрээ хөөрөх зурвасыг давжээ.

Зорчигчдыг орон нутгийн гурван зочид буудалд хүргэсэн ба өөр нислэгт хамруулахаар зохион байгуулжээ. “Korean airlines” компани ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хэргийн газрын гэрэл зургуудаас харахад онгоц их хэмжээгээр хохирол амссан байж болзошгүй. Тухайлбал, онгоцны хамар, бөөр хэсэг их хэмжээгээр гэмтсэн харагдаж байна.

“Korean airlines”-ийн ерөнхийлөгч Кихонг Ву уг нислэгтэй холбогдуулан цахим хуудсаараа уучлалт гуйжээ. Түүнчлэн, орон нутгийн нисэхийн удирдлагууд, эрх баригчидтай хамтран нарийн шалгалт хийх болсон гэв. Осолд өртсөн тийрэлтэт онгоцыг 1998 онд “Korean airlines”-д шинээр нийлүүлжээ. Олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас үнэлгээ хийгдэх хүртэл хөөрөх зурвасыг түр хаасан байна. “Korean airlines” компани 1997 оноос хойш зорчигчдын аминд хүрсэн осол гаргаагүй юм.

Эх сурвалж: udur.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн