Ноолуурын салбарт тарифт цалингийн хамтын хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа ноос ноолуурын салбарын ажиллагсад олон улсын стандартаар цалин хөлсөө тооцуулахаар болжээ. Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрийн эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан хамтран тарифын хэлэлцээрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Улмаар ноолуурын салбарын тарифт цалингийн хамтын хэлэлцээр батлах ёслол өнгөрсөн баасан гаригт болов.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2021 оны судалгаагаар 2000 орчим үйлдвэрт 42 мянган хүн ажилладаг болохыг тооцоолж байв. Уг төслийн хүрээнд ноолуурын салбарын 230 гаруй ажлын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтуудыг үйлдвэрлэлийн шат дамжлаг бүрээр нарийвчлан гаргаж, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлэн, ажил мэргэжил бүрд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн бүлэглэж, цалингийн итгэлцүүрийг тогтоон, ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг цалин хөлсний тарифын сүлжээг боловсруулаад байна.

Уг цалингийн системийг салбарын түвшинд нэвтрүүлснээр ноолуурын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл бүхий цалин хөлсний нэгдсэн системтэй болох, ААН байгууллагуудын хөдөлмөрийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг дэмжих, ажилтны мэргэжлийн ур чадварыг хэмжих зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Монгол улсаас европын орнуудад 7200 орчим бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгээр экспортолж байгаа. Үүнээс бодит үр дүнг хүртэж байгаа салбар бол ноолуурын салбар. Европын холбооны улсууд болон дэлхийн томоохон брэндүүд байгальдаа ээлтэй, хүний эрхийн зөрчилгүй, нийгмийн харуицлагатай  байгууллага болохыг нотлон харуулж түүгээрээ брэндийнхээ үнэ цэнэ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого баримталж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг болон тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг ноолуурын салбарын хувьд тарифт цалингийн хамтын хэлэлцээрийг бий болгож хөгжүүлэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллалаа.

Тарифын гэрээ гэдэг нь салбарын ажилтан болгон ажил олгогч хоёрын хоорондын эрх үүргийг нарийн зохицуулдаг, заавал мөрдөж ажиллах тохиролцоо буюу нэг ёсны хөдөлмөрийн харилцааны дээд хэлбэр гэж нэрлэдэг. Энэхүү гэрээ байгуулагдсанаар ажил олгогч ажилтан хоёрт давуу байдал үүсгэдэг. Салбарт тогтвортой хөгжлийг авчирдаг. Олон улсад шалгарсан хэрэгсэл бол салбар дундын хамитын хэлэлцээр гэж үздэг.

Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрийн эвлэлийн холбооны тэргүүн Э.Амар:

-Хэлэлцээр маань нэлээд уян хатан боломжийг олгосон. Оролцогч бүх талын эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлж чадсанаараа онцлогтой. Бүх үнэтэй саналууд хэлэлцээрт тусгасан. Хэлэлцээрийг аж ахуйн нэгж багууллагад нэвтрүүлэхтэй холбоотой хангалттай хугацаа бий. Өнөөдөр хэлэлцээр батлагдаад дуусах биш. Цаашид байгууллагуудад нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөн туслах үйл ажиллагаа, хамтарсан сургалт хэлэлцүүлгүүд үргэлжилнэ.

Монголын ноолуурын салбар бусад эдийн засгийн салбаруудаасаа нэг алхмын урд алхаж чадаж байгаа. Энэ баялаг бүтээгч салбар маань анх удаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмээнд нийцсэн хөдөлмөрийн тарифт хэлэлцээрийг үзэглэх болсонд баяртай байна. Манайд арьс шир ноос ноолуур оёдол гээд салбарууд бий. Энэ төслийн баг ноолуурын салбарыг сонгосон нь энэ салбар нь өөрөө дотооддоо ажил олгогчид эвлэлдэн нэгдсэн маш хүчирхэг төлөөллийн институц байгууллагатай гэдгийг харж чадсанаар хэлэлцээрийг байгуулах боломжийг бүрдүүлсэн онцлогтой гэв.

Хамтын хэлэлцээрийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөж эхлэх гэнэ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн