Одоогийн Номхон далай байгаа газарт 200-300 сая жилийн дотор асар том шинэ тив үүсэх магадлалтайг хэсэг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Австралийн Куртин их сургууль, Хятадын Бээжингийн их сургуулийн судлаачид супер компьютер ашиглан дэлхийн тектоник хавтангуудын хөдөлгөөнийг тооцоолсноо саяхан National Science Review сэтгүүлд мэдээлсэн байна.
“Өнгөрсөн хоёр тэрбум жилийн хугацаанд дэлхийн тив, хуурай газрууд 600 сая жил тутамд нэгдэж, супер тивийг үүсгэж байсан. Үүнийг супер тивийн давтамж гэж нэрлэдэг. Энэ давтамжийн дагуу одоогийн тивүүд хоёр зуун сая жилийн дараа дахин нэгдэх магадлалтай байна” гэж судалгааны ахлагч, Куртин их сургуулийн дэлхий, гараг судлалын сургуулийн доктор Чуан Хуан ярьжээ.
Хамгийн сүүлийн супер тив Пангаеа 320 сая орчим жилийн өмнө үүсэж байсан гэдэг. Уг тив 170-180 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд дэлхийд амьдарч байх үед олон хэсэгт салж байжээ. Энэ үед Атлантын болон Энэтхэгийн далайнууд үүссэн байна.
Харин манай гарагийн хамгийн эртний далай болох Номхон далай нь 700 сая жилийн өмнө үүсэж эхэлсэн Панталасса хэмээх аварга том далайн үлдэгдэл ажээ. Гэхдээ Номхон далайн эзлэх талбай үлэг гүрвэлүүдийн үеэс эхлэн жил бүр цөөн хэдэн сантиметрээр багасаж байгааг судалгаа харуулсан байна.
Эндээс 300 сая жилийн дотор Номхон далай бүрэн хаагдаж, шинэ супер тивд эзлэгдэх дүгнэлт гарчээ. Номхон далай хаагдахад умард, өмнөд Америк, Ази тивүүд нэгдэж шинэ тивийг үүсгэх ба уг супер тивийг судлаачид “Amasia” гэж нэрлэсэн байна.
Австрали тивийн хувьд Америк тивтэй нийлэхээс өмнө Ази тивтэй нэгдэх гэнэ. Тус тив одоо Ази тив рүү жил бүр 7 см-ээр ойртож байгаа ажээ. Харин Еврази болон умард, өмнөд Америк тивүүд үүнээс бага хурдаар хоорондоо ойртож байгааг судлаачид тогтоосон байна. Тивүүдийн ийм өөрчлөлтийн үр дүнд дэлхийн уур амьсгалд эрс өөрчлөлт гардаг гэнэ.
Тухайлбал Австрали тив салсны дараа Антарктид тив цас мөсөнд хучигдсан гэдэг. Бас тектоник хавтангууд мөргөлдөх үеэр газар хөдлөлт идэвхждэг гэнэ. Тухайлбал 55 сая жилийн өмнө Энэтхэгийн хойг Еврази тивтэй нийлэх үеэр газар хөдлөлтүүд тасралтгүй үргэлжилсний үр дүнд одоогийн Хималайн нуруу, Төвөдийн өндөрлөг үүсэж байжээ.
“Өнөөдрийн бидний мэдэх дэлхий Амазиа тив бүрэлдэх үед эрс өөр байх болно. Далай тэнгисийн усны түвшин багасаж, супер тивийн дотоод хэсэгт асар их хуурай, халуун уур амьсгалтай байх болно. Одоогийн дэлхий экосистемийн болон хүмүүсийн соёлын хувьд ялгаатай долоон тивээс бүрдэж байна. Тэгвэл 200-300 сая жилийн дараа дэлхий ямар байхыг төсөөлөх үнэхээр гайхалтай” гэж судлаачдын нэг Куртин их сургуулийн дэлхий, гараг судлалын сургуулийн профессор Зэнь-Шань Ли ярьжээ.
Эх сурвалж: CNN