Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,

Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,

Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая”  уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.

Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.

Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.

Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн